ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины эсрэг түрэмгийллээ эхлүүлсний дараа дэлхийн орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьж эхэлсэн юм. Жил орчмын хугацаа өнгөрсөн ч ОХУ Украины эсрэг өдүүлсэн дайнаа зогсоохгүй байгаа тул улс орнууд Оросын эсрэг тавьсан хоригоо өргөжүүлсээр байна. Энэ удаад Япон улс Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлжээ.
Kyodo агентлагийн мэдээлснээр, Японы Засгийн газар Оросын 22 хувь хүн, гурван байгууллагын хөрөнгийг царцааж байгаагаа зарласан байна. Шинэ хоригт Оросын Хуульзүйн сайд Константин Чуйченко, Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Андрей Белоусов, Сонгуулийн төв комиссын дарга Элла Памфилова зэрэг албан тушаалтнууд багтжээ.
Үүний зэрэгцээ, хоёрдугаар сарын гуравны өдрөөс эхлэн Орос руу вакцин, эмнэлгийн бүтээгдэхүүн, робот, цацраг идэвхит материал, цөмийн объектын тоног төхөөрөмж, газрын тос болон байгалийн хийн хайгуулын тоног төхөөрөмж нийлүүлэхийг хориглосон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |