Оросын "Шударга Орос-Үнэний төлөө" намын дарга, зохиолч Захар Прилепин Украин дахь Оросын түрэмгийллийн ажиллагаанд оролцохын тулд Оросын гвардтай гэрээ байгуулжээ. Энэ талаар тус намын хэвлэлийн нарийн бичгийн дарга Елизавета Кондакова мэдэгдсэн байна.
Түүний мэдээлснээр, "Шударга Орос-Үнэний төлөө" намын дарга Прилепин "алба хааж, байлдааны даалгавар биелүүлэхээр цэргийн тусгай ажиллагааны бүс рүү хэдийнэ явсан" гэнэ. Гэхдээ чухам ямар анги нэгтгэлд хамаарагдан дайтахаар болсон талаар тодруулаагүй байна. Кондаковагийн онцолсноор Прилепин өмнө нь цагдаагийн тусгай отрядад алба хааж байсан, тиймээс " Оросын гвардтай цэргийн алба хаах гэрээ байгуулах шийд гаргасан" гэнэ.
Энд дуулгахад, Оросын зохиолч Захар Прилепин Орос улс Украин руу түрэмгийлсэн өдрөөс л Оросын цэргүүдийг дэмжсээр ирсэн юм. Тэрбээр Оросын цэргүүд эзлэсэн Украины нутгуудад хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулж байжээ. Түүнчлэн эзлэн түрэмгийлэгдсэн нутгуудад Прилепиний сонгуулийн өмнөх штабууд байгуулагдсан бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |