АНУ-ын эрх баригчид Украинд Абрамс танкны орчин үеийн хувилбар болох М1А2 танк нийлүүлэхээр төлөвлөж байгаа талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Politico дамжуулжээ. Энэ мэдээллийг Пентагон ч баталсан байна.
М1А2 танк нь ойрын жилүүдэд АНУ-ын зэвсэглэлээс гаргахаар төлөвлөж буй А1 танктай харьцуулахад удирдлага, оптикийн илүү нарийн системтэй аж. Орчин үеийнхд тооцогдох энэ хувилбар нь сөргөлдөгчийн байршлыг хурдан тогтоох зэрэг олон давуу талтай юм байна.
Politico-д мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, Америкийн эрх баригчид Украинд өгөхөөр амласан 31 танкийг нийлүүлэхэд хэдэн сар, магадгүй жилийн хугацаа ч шаардагдаж магадгүй гэнэ. Учир нь яг одоо Америкт Абрамс танкны нөөц байхгүй, General Dynamics компаниас худалдан авахаар зэхэж байгаа бөгөөд Абрамс танк үйлдвэрлэдэг Охайо дахь үйлдвэр нь сард 12 танк үйлдвэрлэдэг аж.
Үүнээс өмнө Цагаан ордон ч мэдэгдэл хийхдээ танкуудыг хэдэн сарын дараа нийлүүлнэ гэж онцолж байлаа. Мөн Төрийн департаментын орлогч дарга Виктория Нуланд нэгдүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл хийхдээ АНУ хавар гэхэд Киевт танк нийлүүлж амжихгүй хэмээн онцолсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |