Хөвсгөл аймгийн Тариалан сумын наймдугаар ангийн сурагч Б.Бундбаяр, Б.Энхбаяр нар шатаж буй гэрээс ДӨРВӨН нас хүүг авч гаран амийг нь аварсан байна. Баатарлаг хөвгүүдийг Хөвсгөл аймгийн дээд шагнал Хөвсгөлийн од медалиар шагнасан үйл явдлын дараа утсаар холбогдож, ярилцлаа
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу?
-Б.Энхбаяр: Намайг Болдсайхан Энхбаяр гэдэг. Би Хөвсгөл аймгийн тариалан сумын 8а ангид сурдаг.
-Б.Бундбаяр: Намайг Баярсайханы Бундбаяр гэдэг бас наймдугаар ангид сурдаг. Гэхдээ бид хоёр нэг анги биш, нэг үеийн найзууд.
-Та хоёр галын аюулаас хүний амь нас авран хамгаалсан баатарлаг үйлс бүтээжээ. Тухайн үед юу болсон юм бэ? Гал гарч байгааг яаж мэдсэн бэ?
-Б.Энхбаяр: Бид хоёр эдний гэрийн усыг зөөх гээд байж байсан юм. Гэтэл зүүн урд талын хашаанд байгаа айлын гэрт юм дэлбэрч байгаа юм шиг чимээ гарсан. Чимээ гарангуут урд айлын тооноор гал савссан. Бид хоёр хашаагаар нь даваад очсон чинь нэг хүүхэд уйлаад байсан. Гэр лүү орох гэсэн чинь цоожилчихсон байсан. Тэгэхээр нь бид хоёр айлын хажууд байсан түлээний модоор цоожийг нь эвдэх гэж үзсэн чинь болдоггүй. Хоёулаа зэрэг хаалгыг нь өшиглөж үзээд гэр нурчихаж магадгүй юм шиг санагдаад манай найз түлээний тэндээс чулуу авчраад гурав цохиод онгойсон. Найз хүүхдийг авахаар ороод би Онцгой байдал руу залгасан. Эхлээд 70386056 руу залгасан аваагүй 70386057 руу залгасан чинь утсаа авсан. Онцгой дуудлага өгөөд 5 минутын дараа ирсэн.
-Б.Бундбаяр: Бид хоёрыг хашаа даваад дөхөөд очсон чинь хүүхэд уйлж байснаа чимээгүй болчихсон. Тэгээд шууд хүүхдийг аваръя л гэж бодсон. Хаалгыг нь мод чулуугаар цохиод гэр лүү орсон. Орсон чинь хүүхэд зуухныхаа өмнө зүүн гараа дараад таталт өгсөн байдалтай байж байсан. Хүүхдийг авахад дээрээс цогтой унь унаж, цохих гээд эвгүй байсан. Хүүхдийг авч гэрээс гаргаад бие хувцасанд нь наалдсан юмнуудыг салгаад байж байтал эмээ нь ирээд эмнэлэг рүү аваад явсан. Эмээ нь сургуулийн хүүхэд авах гээд хүүхдийг гэр цоожилж үлдээгээд явсан байсан юм билээ.
-Гал дүрэлзэн асаж байхад гэр лүү орохоос айгаагүй юу?
-Б.Энхбаяр: Айгаагүй. Бид хоёр хүүхдийг л хурдан гаргаж авъя гэж бодсон.
-Та хоёр бэртэж гэмтсэн үү?
-Б.Энхбаяр: Хаалганы цоожийг цохиж байхад найз маань гараа шалба цохисон байсан. Бусдаар гайгүй.
-Та хоёрыг хүүхдийг эсэн мэнд галаас аварсан тухай сонсоод гэрийнхэн, найзууд нь юу гэж байна?
-Б.Бундбаяр: Манай аав ээж хоёр тухайн үед аймаг явчихсан байсан. Бид хоёрыг сайн байна гэсэн. Хүүхдийн гэрийнхэн нь бид хоёрт сэтгэлийн бэлэг гээд мөнгө өгсөн. Тэр мөнгийг нь хадгаламжиндаа хийсэн.
Б.Энхбаяр: Хүмүүс баяр хүргэе. Та хоёр ямар зоригтой юм бэ. Эр зориг гаргаж иргэний үүргээ биелүүллээ. Баатарлаг сайн үйлс бүтээлээ гэсэн. Гэрийнхэн бид хоёрыг хүүхдүүдээрээ бахархаж байна. Хүүхдүүд минь өөрсдөө гэмтэж бэртээгүй хүүхдийг эсэн мэнд гаргаж авсан нь яамай даа гэсэн.
-Одоо хүүхдийн биеийн байдал хэр байгаа вэ?
-Анх гуравдугаар зэргийг түлэгдэлттэй гээд аймаг руу авч явсан. Одоо сумандаа ирчихсэн гадуур эмчилгээ хийлгэж байгаа гэсэн.
-Бидэнд ярилцлага өгсөнд баярлалаа. Та хоёрт сурлагын амжилт хүсье.
-Та нарт ч гэсэн баярлалаа. Бид хоёроос өнөөдөр таниас гадна хоёр эгч ярилцлага авсан. Фэйсбүүк дээр зураг гараад жаахан сандарч л байна. Баяртай эгч.
Үйл явдлыг эргэн сануулахад, өнгөрсөн аравдугаар сарын 25-нд Хөвсгөл ймгийн Тариалан сумын Бадрах багт таван гэр шатаж, гал түймэрт ДӨРВӨН настай И хүү өртөж бага зэрэг түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн юм.
П.ГОО
Уншиж байна |