УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Төсөвт тойрог бүрт, сум болгонд баахан Соёлын төв барина гэсэн байна. Заримд сумд давхардаад барьчихсан байгаа жишээ ч байна. Гэтэл Соёлын төвийг жилд наадам, цагаан сараар шагнал гардуулахад л нэг хоёр удаа ашигладаг. Бусад үед нь хамгийн эрх мэдэлтэй Соёлын төвийн сахиул нь дуртай үедээ парти зохиогоод л арабын шейх шиг амьдарч байдаг. Тэгвэл соёлын төвөө хувийн секторт өгөөд зардал хэмнэх нөхцөл боломж үүсэх үү" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.
Үүнд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Энэ хуулиар Соёлын төвийн үр ашиггүй байгаа барилга гэх мэт байгууламжуудыг хувийн хэвшил авч явах боломжтой болно. Төслүүдийг хоёр хувааж байгаа. Нэгдүгээрт, одоо байгаа барилгуудыг хувийн хэвшлийнхэн ашиглаж, түрээслэх, менежментийн хувьчлал хийх гээд олон хэлбэр байгаа. Хоёрдугаарт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийг байгуулна" гэсэн хариултыг өглөө.
Үүний дараа УИХ-ын даргын зүгээс Т.Дорханд гишүүн хандан "Суманд Соёлын төв жилд хоёрхон удаа ашиглагддаг гэдэг худлаа. Очиж үзэх хэрэгтэй. Ж.Батсуурь гишүүнээс аймаг сумын амьдрал ямар байдгийг асуу" гэсэн юм.
П.ГОО