Иргэн бүр хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах үүрэг хүлээдэг. Хуулийг төрийн байгууллагууд нь ягштал мөрдөж, хуулийн дагуу гарсан шийдвэр бүрийн ёсчлон биелүүлэх ёстой. Хуулийн дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой юу гэвэл ТИЙМ.
Тэгвэл О.Амгаланбаатар даргатай Говь-Алтай аймагт Төрийн албаны зөвлөлөөс шийдвэр огт биелэгдэхгүй, цагаан дээр хараар бичсэн чигээрээ архивлагдсаар байна. 2020 оны орон нутгийн сонгуулиас хойш халаа сэлгээ дээд цэгтээ хүрсэн тус аймагт 115 хүн ажилгүй болсон болсон байдаг. Тэдний ихэнх нь ардын намынх учраас ажилгүй болсон гэх товчхон тайлбартай. Бүр тодруулбал, өнгөрсөн онд төрийн албаны зөвлөлөөс шалгалт хийж, хууль бусаар томилсон 115 алба хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг үүрэг болгосон. Төрийн албаны зөвлөлөөс өгсөн уг захирамжийг биелүүлэхээр заасан хугацаа бол энэ оны нэгдүгээр сарын 31. Гэтэл О.Амгаланбаатар Засаг ноён Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл тоож, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байх.
Яг энэ жишгээр өнгөрсөн хавар буюу гуравдугаар сарын 30-нд төрийн албаны зөвлөлийн тогтоолоор ажлаас чөлөөлөгдөх ёстой хүмүүс өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжийг хүчингүй болгохыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт үүрэг болгосон. Гэвч ТАЗ-ын даргын гарын үсэг бүхий захирамж өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй.
Мөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Сүхбаатарыг томилсон захирамжийг хүчингүй болгохыг үүрэг болгосон. Гэвч энэ захирамж мөн л хэрэгжээгүй. Ийнхүү төрийн дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг үл тоон том толгойлж байна. Иймээс уг асуудлыг анхааралдаа авч гаргасан шийдвэр тань хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих шаардлагатай байгааг Төрийн албан зөвлөлийн дарга Б.Баатарзориг танд сануулан хэлэх нь илүүц биз.
П.ГОО
Уншиж байна |