Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрхтэй. Гэтэл хуулиар олгогдсон энэхүү эрхийг зөрчиж хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч, хөгжих боломжийг хулгайлдаг бүлэг хүмүүс бий болжээ. Тэр тусмаа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын газрын булаан авч, борлуулсан байгааг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нийтэд ил болгов.
Түүний зүгээс "Сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан, хууль бусаар бусдын нэр дээр шилжсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, найман их, дээд сургуулийн 2.8 га газар бусдын нэр дээр шилжсэн. Ихэнх нь сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, их, дээд сургуулиудын захирлын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна. Мөн цэцэрлэг, сургуулийн нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц бариулж, СӨХ-ныхоо нэр дээр шилжүүлсэн асуудал ч бий. Хөдөө орон нутагт байгаа төрийн өмчийн сургуулийн нэр дээр байгаа газар гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэгдсэн байна. Нийт сургуулийн 70-80 хувийнх нь спортын талбайн газар бусдын нэр дээр шилжсэн байгаа. Иймээс төрийн өмчийн газраас иргэний болон хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж, үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцалж, газрын төлбөрийг буцаан төлүүлж, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, газар эзэмших эрх нь шилжээгүй боловч төрийн болон орон нутгийн өмчийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гарааш, спорт заал зэрэг хөрөнгийн газрыг дахин төлөвлөх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ" хэмээн мэдэгдлээ.
Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж, тэр хэрээр сургууль цэцэрлэгийн хүртээмж хүн бүхний толгойны өвчин болдог. Гэтэл сургууль цэцэрлэг удирдаж яваа захирлууд нь сургууль өргөтгөх, сургалтын үйл ажиллагаа явуулах ёстой газрыг зарж борлуулж, бэл бэнчингээ зузаатгаж явна. Өнөөдөр нийслэлд үүднээсээ хэдхэн метрийн зайд орон сууцны хорооллууд зай завсаргүй чихчихсан, автомашины хөдөлгөөн ихтэй, эрсдэлтэй орчин бүхий сургууль, цэцэрлэгүүд хэдэн зуугаараа бий. Энэ бол хүүхдийн аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн ашиг хонжоо хайгч, албан тушаалаа хэтрүүлэн ашиглагч захирлуудын хөнөөлт үйлдэл.
Цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас үүдэлтэй хүүхэд сугалаагаар цэцэрлэгт ордог, эцэг эх, асран хамгаалагч нь хонон өнжин очерлодог, танил тал хайдаг, зарим тохиолдолд бусдад шан харамж өгч байж цэцэрлэгт оруулдаг дүр зураг бол саяхных. Гэтэл хэнэгч үгүй хээл хахууль авч суугаа захирал хэдэн арван хүүхэд сурч, хүмүүжих газрыг нь үрэн таран хийгээд зарж борлуулчихсан байх.
Энэ бол боловсролын салбарт төдийгүй, улсын ирээдүйд ноцтой хохирол учруулсан үйлдэл мөнөөс мөн. Иймээс Л.Энх-Амгалан сайд та хүүхдийн сурч, хөгжих орчныг БУЛААСАН захирлуудын нэрсийг ил болгон, хариуцлага хүлээлгэж, дахин дээрх жишээ давтагдахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлнэ үү!!!
П.ГОО
Уншиж байна |