УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Төсвөө сайн хийхийн тулд төсвийн хүрээний мэдэгдлээ сайн хийж батлах ёстой. Энэ жилийн төсөвт суурь реформын шинжтэй шинэчлэлийн бодлого гэж алга. Хөгжлийн бодлого төлөвлөгч нар алга. Хөгжлөө төлөвлөж чадахгүй байна. Мөн Оюутолгой төслийн асуудал байна. Дэлхийн дөрвөн том төслийн нэг. Монголын ард түмэн маш том үр дүн хүлээж байсан. Далд уурхай ирэх жил ашиглалтад орно. Монгол Улсад 600-аад тэрбум төгрөгийн орлого оруулахаар төлөвлөж байгаа нь гарч байгаа баялагтай нь харьцуулахад үнэхээр чамлалттай. Хөгжилтэй орнууд жижиг орнуудыг шулдаг, удирдлагуудад нь авлига өгдөг шилдэг жишиг Оюутолгой төсөл дээр байна. Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолыг хаасан. Ийм байж болохгүй гэсээр байхад хаасан. Үүн дээр үргэлжлүүлж ажиллах ёстой.
Төсвийн алдагдлыг бууруулах боломж байсан ч ажиллаж чадсангүй. Төсөв бүхэлдээ хөгжил биш урсгал зардал санхүүжүүлж байна. 2023 онд Засгийн газар НЭГ ТЭРБУМ ам.долларын гадаад өр төлнө. Эх үүсвэр тодорхойгүй байна. Засгийн газрын өрийн хэмжээ 7 их наядаар нэмэгдсэн. Ажлын байрыг нэмэгдүүлсэн ЖДҮ дэмжсэн, ард иргэдийнхээ эрүүл мэнд, шинжлэх ухаан технологи инновацийг дэмжсэн бодлого алга, төсвийн бодлого мөнгөний бодлоготой уялдаа муутай, төрийн зардлыг бууруулах чиглэлд тусгагдсан юм алга. Нүүрс, төмөр зам, тээвэртэй холбоотой луйвар газар авсан. Хулгай хийсэн хүмүүсийг хэн томилсон юм бэ? Томилсон хүнтэй нь хариуцлага тооц. 2023 оны төсөв Монголын эдийн засагт өөрчлөлт авчрахгүй. Хулгай луйврыг ил болгож чадсан бол 19 наяд төгрөгийн орлогыг нэг дахин нэмэх боломж байлаа" гэлээ.
П.ГОО
Уншиж байна |