УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсийн 300 гаруй өрхийн 1500 иргэнд нэг удаагийн мөнгөн тусламж олгох тухай хуулийн төслийг өргөн барьж буй талаараа өнөөдөр /2022.11.09/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ тухай “Баруун бүсийг хямд өртөгтэй эрчим хүчээр хангах Эрдэнбүрэнгийн УЦС-ын төслийг явуулах нь Монгол Улсын үндэс эрх ашиг юм. Үндэсний эрх ашгийн үүднээс энэ төслийг явуулах ёстой. Гэхдээ эхлээд Монголын төр нөлөөллийн бүсийн ард иргэдийн Үндсэн хуульд заасан эрхийг нь шийдэх ёстой. Тиймээс нөлөөллийн бүсийн айл өрхийн 1500 иргэнд тус бүрт нь нэг удаа 30 сая төгрөгийн мөнгөн тусламж олгох хуулийн төсөл өргөн барьж байна.
Иргэдэд 30 сая төгрөгийг улсын төсвөөс олгох боломжгүй. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нийт санхүүжилт 288 сая ам.доллар. Үүнээс 261 сая ам.доллараар 90 мВт-ын хүчин чадалтай УЦС барихаар Хятадын компани шалгарсан. Тэгэхээр үлдэгдэл 17 сая ам.долларыг нөлөөллийн бүсийн ард иргэдэд тусламж болгон өгөх шаардлагатай. Үүнийг УИХ, Засгийн газар ойрын хугацаанд шийдвэрлэж, төслийг урагшлуулахын тулд энэ хуулийн төслийг өргөн барилаа” гэсэн мэдээллийг өглөө.
Засгийн газар нөлөөллийн бүсийн иргэн бүрт 15 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ нөхөн олговорыг хангалтгүй гэж үзэж, 30 сая болгон нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулжээ.
Б.Хэрлэн