Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Тус намын бүлгийн өнөөдрийн хуралдаанд ТӨБЗГ-аас ирж мэдээлэл хийсэн байна.
Энэ талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ирэх оны эдийн засагт Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн оролцоотой их байна. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн ААН-үүд үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо. Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрт заагдсан эдийн засаг бүлэгт багтсан амлатуудын хэрэгжилт нь биелж байгаа эсэх асуудлыг авч хэлэлцлээ. Эдийн засаг бүлэг 100 гаруй амлалтай. Эдгээрээс цөөхөн хэдийг сануулъя. Бүгд хэрэгжээгүй, биелээгүй байгааг сануулан хэлье. Тухайлбал, Тавантолгойг түшиглэн нүүрс хими, метан хими, кокс химийн үйлдвэр барина гэсэн ч баригдаагүй, өрийн дарамтгүй улс болгоно гэсэн ч өнөөдөр Монгол Улсын гадаад өр 33,9 тэрбум доллар болсон. Иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй байна, Газрын тосны үйлдвэр барина гэсэн ч үйлдвэрийн ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй, 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн ч биелээгүй, Баялгийн санд жил нэг их наяд хуримтлуулах амлалт хэрэгжээгүй, 150 мян.тонн мах экспортлоно гэсэн нь биелэгдээгүй байна" гэлээ.
Мөн хэвлэлийн хурлын үеэр С.Одонтуяа "Хөгжлийн банкны өрөнд эрх баригчид Ардчилсан намыг буруутгаж байна. Тэдний өөрсдийн гаргаж өгсөн мэдээллээр 2012-2016 онд Хөгжлийн банк тогтвортой, нэг удирдлагатай байж. Үүнээс хойш таван жилийн хугацаанд таван дарга сольжээ. Найдваргүй зээлийн хэмжээ хэзээ өссөн байна вэ гээд харахаар сүүлийн тав, зургаан жилд байна. Мөн Монголбанкны мэдээллээс энэ тоо зөрүүтэй. Өнөөдөр Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийг буруутгаж байгаа. Тэгвэл найдваргүй зээл олгосон хүмүүст ч мөн хариуцлага тооцох нь зөв" гэдгийг мэдэгдлээ.
П.ГОО