Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажиллагааны хүрээнд Иргэний хэргийн шүүхэд 2019-2022 оны хооронд 689.8 тэрбум төгрөгийн 18 зээл, 2022 оны нэгдүгээр сараас хойш 691.6 тэрбум төгрөгийн 15 зээлдэгчийн нэхэмжлэлийг шүүхэд шинээр гаргажээ.
Энэ онд 367.5 тэрбум төгрөгийн долоон зээлийн шийдвэр эцэслэгдэн гарч, өнөөдрийн байдлаар 915.1 тэрбум төгрөгийн 16 зээлдэгчтэй холбоотой хэрэг иргэний журмаар шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байна. Мөн шүүхийн шийдвэр гарсан 15 зээлээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй 10 зээл, шүүхийн бус журмаар төлбөр төлүүлэхээр ажиллаж буй найман зээл, нийт 41 зээлийг эргэн төлүүлэхээр ажиллаж байгаа. Харин Эрүүгийн журмаар 32 компанийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Авлигатай тэмцэх газраас эхний байдлаар 19 зээлийн хувийн хэрэгт холбогдох хянан шалгах ажиллагааг багцалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах шатандаа орсон тухай мэдээллийг өгч байна.
Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 777.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 689.1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр төлөгдөж, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна. 365.1 тэрбум төгрөг бүхий нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагджээ.
П.ГОО