Улс төрийн ууган хүчний дотоод зөрчил дээд цэгтээ хүрсэн бололтой юм. МАН-ынхан бол бүлэг фракциудынхаа хэрүүл маргааныг төдийлөн ил гаргадаггүй, намын дотоод зөрчлөө тогоондоо шийддэг зарчимтай нам.
Дараалсан сонгуулиудад ялалт байгуулж, ачааны хүндийг үүрч байгаа хэмээн өөрсдийгөө цоллож буй намынханд ээлжит зовлон ирсэн бололтой юм. Саяхан танхимаа шинэчилсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд намын ах нараас нь багагүй дарамт шахалт ирж байгаа бололтой. 2012 онд намаа шинэчилэхээр гарч ирсэн залуус өнөөдөр МАН-д гол үүрэг гүйцэтгэж буй. Тэд ч чамгүй эрх мэдэлд хүрсэн. Тэгвэл энэ өдрүүдэд эрх мэдлийн бялуунаас хүртэж амжаагүй ахмадууд хийгээд МАН-ын дунд насныхан дунд ширүүхэн зөрчил үүсээд байгаа аж. Тэд Оросод боловсрол эзэмшсэн, баруунд боловсорсон гэдгээрээ хуваагдсаныг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Олон улсын хуралдаанд оролцож байхдаа ил болгов.
Түүний зүгээс "Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан" гэсэн үгийг олон улсын хуралдаанд оролцож явахдаа хэлэв. Төрийн өндөр албан тушаал хашиж буй гэдгээ мартсан уу, албаар хэлсэн үг үү? Ямартай ч тэр гадаад ертөнцөд Монгол Улсыг төлөөлж байгаа төрийн хүн гэдгээ умартан намын зөрчлөө ил болгож, Ерөнхий сайдад намын настнууд садаа болж байна гээд хэлчихэв. дэд сайд Б.Болор-Эрдэнийг ийнхүү дэлхий дахинд намаа шившиглэсэнд МАН-ын дургүйцлээ илэрхийлж, түүнийг огцруулах тухай яриаг эхлүүлжээ. Намынхаа дотоод зөрчлийг олон улсад жишээ болгон Б.Болор-Эрдэнэ дэд сайдад хариуцлага тооцох зүйн хэрэг гэж тэд үзэж байгаа аж.
МАН-ынхны хувьд өөрсдийгөө "МАН бол үнэт зүйлтэй нам. Манай нам боловсон хүчний хангалттай нөөцтэй нам" хэмээн тодотгодог. Гэтэл залуу үеийнхэн нь эмээ, өвөө нараар хүрээлүүлж байгаа нь намын болоод улс орны хөгжилд саад болж байна гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэгэхээр одоо МАН-ын ахмадууд залуу дэд сайдад ямар хариу барьж, хариуцлага тооцохыг харах л үлдэж байна
П.ГОО