УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв. Харин түүнийг УИХ-ын гишүүдэд тараасан мэдээллээс зөрүүтэй мэдээлэл уншсан хэмээн АН-ын бүлэг нэмэлт мэдээлэл шаардаж, нэг цагийн завсарлага авлаа.
Завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл хийв. Тэрбээр “УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хөгжлийн банкны мөнгийг хэдэн эрх мэдэлтнүүд нь авч, тоноод дуусгасан” гэсэн мэдэгдэл хийсэн. Тэрний дагуу бид асуултаа асуухад гүтгэлээ гэж янз бүрийн асуудал гарч байна.
АН-ыг засаг барьж байх үед гадаадын зах зээлд бага хүүтэй, удаан хугацаатай зээлийг маш сайн босгож байсан. Энэ бол маш чухал. МАН засаг авснаас хойш гадаадад хөрөнгө босголт маш муу явж байгаа. Гадагшаа ажиллахгүй татвар нэмж, ААН-үүдийг дарамталж байна.
АН-ын үед Хөгжлийн банкийг ганцхан захирал удирдаж, удирдлага нь маш тогтвортой ажиллаж байсан. Гэтэл МАН-ын үед таван жилийн дотор таван захирал солигдсон. Үүнээс болоод хариуцлага тооцоход хүндрэлтэй болсон.
МАН-ынхан АН-ын үеийн зээлийг дарсаар байгаа гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. АН-ын үед чанаргүй зээлийн хэмжээ 12 хувиас 9 хувь болгож бууруулсан. МАН-ын үед 8 хувиас 10, 19, 26, 28, 29 болж өссөн.
Одоо нэг нэг рүү буруугаа чихэх цаг биш. 2023 онд том зээл төлөгдөнө. Ард түмний татварын мөнгө хохирч болохгүй. Энэ банк 2017 оноос хойш улстөрчдийн дураараа дургидаг салбар болсон. Тиймээс хуулийг нь өөрчилж, хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ноцтой авч үзэхгүй бол Хөгжлийн банкны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Монгол Улс гадаад зээлээ төлж чадахгүй, дампуурах аюул байгаа шүү" хэмээн мэдэгдлээ.
Б.Хэрлэн