УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцлөө. ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямбын нэрийг дэвшүүлж буй юм.
Томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнгөрсөн жил цэргийн алба хааж байхдаа амь насаа алдсан цэргүүдийн асуудал анхаарлын төвд байсан. Бид асуудал гарахаар шуугиад өнгөрдөг биш байнгын хяналттай үйл ажиллагаа явуулах ёстой. Хүний эрхийн дэд хороо хуралдаж, танай байгууллагад чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу богино хугацаанд маш сайн ажилласан. Та энэ ажлаа аваад энэ чиглэлээр яаж ажиллах вэ. Цэргийн албан хаагч амь насаа алдахгүй байх, ар гэрийн гомдол саналыг авах чиглэлээр юу хийх вэ?
Бригадын генерал С.Ганбямба: Сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудад хугацаат цэргийн албан хаагчид эрүүл мэндээр хохирох, амь насаа алдах асуудал гарсан. Энэ чилэлээр ХЭҮК-оос судалгаа хийж, бидэнд тодорхой зөвлөмж чиглэл өгсөн. Үүнийг ЗХЖШ хэрэгжүүлэн ажиллаж байгаа. БХЯ, ЗХЖШ-д иргэдийн санал хүсэлтийг авах тусгай дугаар ажиллуулж байгаа. Мөн цэргийн албан хаагчид ажиллаж, амьдардаг бүх газруудад камер тавьж байгаа. Цэргийн албан хаагчдыг ар гэртэй нь холбогдох утсыг ангиуд дээр ажиллуулж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ямар ажил хийх вэ?
Бригадын генерал С.Ганбямба: Алба хаах онцлогоос хамаарч нэлээдгүй анги, салбараар явж ажилладаг учраас ахмадын хорооны харьяаллын асуудал тодорхой биш асуудал тулгамддаг. Эхний ээлжинд БХЯ, ЗХЖШ-ын ахмадын хороотой хамтран харьяалал нь тодорхой бус ахмадуудыг харьяалалттай болгоно.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Цэргийн албан хаагчид хүчирхийлэлд өртөх, гэмтэж бэртэх, амь насаа алдах явдал цаашид байж болохгүй. Цэргийн албан хаагчдын хоолны шим тэжээл, хувцасны асуудал дээд түвшинд байх ёстой. Ирэх жилийн төсөвт үүний төсвийг хасуулахгүй байх чиглэлээр БХ, Сангийн сайдтай хамтран яаралтай ажиллаарай.
Монгол Улсад 2014 оноос хойш Оюутан-цэрэг гэдэг сайхан төсөл хэрэгжсэн. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй хүүхэд оюутан-цэрэгт хамрагдаад байна. Төсвийн хувьд ч хэмнэлттэй байдаг. Нэг жил цэргийн алба хаахад 5 сая төгрөгийн төсөв зарцуулагддаг бол оюутан цэрэгт 1 сая төгрөг зарцуулдаг. Жил бүр 1000 оюутан цэрэг бэлддэг байсныг энэ оны төсөвт 100 болгож бууруулсан байна. Оюутан цэргийг жилд 1000-аар нь бэлддэг энэ ажлыг цааш нь үргэлжлүүлмээр байна.
Бригадын генерал С.Ганбямба: Оюутан цэргийн сургалт БХЯ-ны эрхлэх асуудал. Үүнийг анхааран үзэж, БХ-ын сайдтай санал солилцъё.
Ийн гишүүд асуулт асууж, үг хэллээ. ЗХЖШ-ын даргыг томилох тухай Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь дэмжив. Санал хураалтын дүнг Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ.
Б.Хэрлэн
Уншиж байна |