УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайд хийгээд бүх сан, бүх банк руу луйвар хийж байна" хэмээн Б.Жавхлан сайдад хандан хатуухан үг чулуудав.
Үүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан "Ц.Даваасүрэн гишүүн бол олон удаа парламентад сонгогдсон туршлагатай сайн үлгэр үзүүлэх хүний нэг. Харамсалтай нь сүүлийн үед парламентыг өөрийн улстөрд яаж ашиглаж болдгийг яаруу тодоор харуулж байна. Туршлага нь цөмөрчихөж. Шударга үнэний дүрд орчихсон Ц.Даваасүрэн гишүүнийн бодит үйлдэл нь ямар байгааг мэдэж байгааг хүний хувьд хэлэхэд харамсалтай зүйл болж байгаа. Ганц нэг зүйлийг хэлэхээс өөр аргагүй боллоо. Гишүүн маань 2012-2020 онд Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, улстөр судлаач Ц.Гансүх гэх залууг Дарханы арьс ширний цогцолбор ТӨҮГ-ын захирлаар томилуулсан. Гэтэл тэнд юу болж байна вэ? Монгол Улс жилдээ 650 мянган үхрийн шир л боловсруулдаг. Бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж авахад 13-14 сая ам.доллар хэрэгтэй. Богийн сая ширхэг арьс боловсруулахад 3-4 сая ам.долларын тоног төхөөрөмж шаардлагатай. Гэтэл яг одоогоор арьс боловсруулах үйлдвэрийн тоо нь буураад хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. Хуучин тоног төхөөрөмж 30 сая ам.доллар, барилга байгууламж дэд бүтэц нийлээд 60-аад ам.доллар болох ТЭЗҮ байсан. Гэтэл одоо 159 сая евро болсон. Эрчим хүчний мэргэжилтэй гишүүн маань гэнэт арьс ширний хүн болоод гадаадад үйлдвэрт сээлфий хийгээд гүйгээд байсан нь ийм учиртай. Одоо 159 сая еврогоос 105-д нь Засгийн газрын баталгаа гаргахаар хүсэлтээ ирүүлсэн. Тун удахгүй бид энэ боломжгүй, эрсдэлтэй, ТЭЗҮ хэт зөрүүтэй байна гэсэн хариуг өгнө. Таны яриад байгаа үнэн шударга байдал энэ үү" гэлээ.
Б.Жавхлан сайдыг үгээ хэлж дууссаны дараа УИХ-ын дарга "Хэлэлцэх асуудалтай холбоогүй" хэмээн микрофоныг нь хаалаа.
П.ГОО
Уншиж байна |