Засгийн газрын тэргүүн хоёр жилийн өмнө "Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа" ам гарч шүүмжлэлийн бай болсон. Ийнхүү том ам гарган Ерөнхий сайдын төлөвлөгөөний дараа аялал жуулчлалын салбар шалдаа унасан. Үүнийг цар тахлын нөхцөл байдалтай холбон тайлбарлаж, зөвтгөж болох. Ямар ч гэсэн түүний төлөвлөгөө биелэлээ олоогүй.
Монгол Улс хамгийн ихдээ 577 мянган жуулчинг 2019 онд хүлээн авч байв. Тэгвэл ирэх жил буюу 2023 онд САЯ жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг тэрбум ам.долларт хүргэхээр зорилго тавьжээ.
Бүр тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулжээ. Тус хорооны Ажлын албыг 11 орон тоотой байхаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар батласан байна. Монгол Улсын аялал жуулчлалын салбар 2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого олж, тухайн жилдээ ДНБ-ий 6.4 хувийг эзэлж байсан баримт бий. Харин үүнээс хойш энэ тоо огцом буурсан үзүүлэлттэй байгаа.
Харин өнгөрсөн хоёр жилд буюу 2020 онд 58 мянган жуулчин Монгол Улсыг зорин ирсэн бол 2021 онд 33 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь аялал жуучлалын төдийгүй Монгол Улсын эдийн засагт хүндрэл үүсгэсэн нэг шалтгаан болов. Мэдээж үүнийг цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдалтай холбож тайлбарлах. Тэгвэл коронавируст халдварын хүндрэл дууссан гэж үзээд ирэх онд Ерөнхий сайд том төлөвлөгөө гаргаж. 400 сая жуулчин гэдгээс илүү ойр сонсогдож байгаа ч манай улсын хувьд түүхэн төлөвлөгөө. Хэрэв энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж чадвал тус салбарын орлогыг 1,2 тэрбум ам.доллар буюу 4,2 их наяд төгрөгт хүргэн ДНБ-ий 11.5 хувьд хүргэх гэнэ.
Бүх л бүтэн хороо хүртэл байгуулан сая жуулчин авчрахаар сэтгэл шулуудсан Л.Оюун-Эрдэнийн танхим хэрхэн ажиллахыг харах л үлдэж байна.
П.ГОО
Уншиж байна |