Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Засгийн газрын авто баазыг улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын авто баазын үндсэн үйл ажиллагааг өөрчлөн Төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргасан байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын автобааз төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэлтэй 110 орчим ажилтан албан хаагчтай үйл ажиллагаа явуулдаг. Жилдээ улсын төсвөөс 3-3,2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй авч байсан. Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан 100 автомашин, 105 ажилтантай аж ахуйн тооцоотой, төсвөөс санхүүжилт авдаггүй байхаар өөрчлөн зохион байгуулсан. Авто бааз нь цаашид автомашины дуудлагын үйлчилгээ үзүүлнэ, орон нутаг дахь Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах чиг үүрэгтэй байна. Автобаазыг олон улсын жишигт нийцсэн, стандарт хангасан, орчин үеийн менежменттэйгээр үйл ажиллагаа явуулах үүрэг чиглэлийг өгсөн.
Мөн Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу Төрийн нарийн бичгээс доош албан тушаалтан албан хэрэгцээндээ автомашин хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор зайлшгүй шаардлагатай үед албан тушаалтан албан хэрэгцээндээ хувийн хэвшлийн болон төрийн авто баазаас машин авч хэрэглэх боломжийг нээж өгч байгаа. Энэ дагуу нэг албан тушаалтан 100-200 мянган төгрөгийн хязгаартайгаар дуудлагын автомашин хэрэглэх эрхтэй болж байгаа. Өнөөдрийн байдлаар ТӨБЗГ-т 250 автомашиныг төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд 250 автомашиныг хураан төвлөрүүлнэ. Эдгээрийг эмнэлэг, цагдаа ХХЕГ, гаалийн байгууллагад шилжүүлэн өгнө. Төрийн байгууллага ашиглах боломжгүй машиныг дуудлага худалдаагаар борлуулна" гэлээ.
Уншиж байна |