УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өнөөдөр /2022.11.02/ мэдээлэл хийж, АН-ын шинэ удирдлагыг сонгох ажиллагаа явагдаж байгааг хэллээ. Тэрбээр “АН-ын хуучин дарга С.Эрдэнийг чөлөөлөх асуудал 2022 оны 06 дугаар сарын 24-нөөс хойш яригдаад өнөөдөр хүртэл шийдэгдэж чадахгүй байна.
Бид дараагийн алхмаа хийхээр ҮБХ-ны гишүүдээ цуглуулж, намын шинэ удирдлагаа гаргаж ирэхээр их зөвшилцлийн ажиллагаа явагдаж байгаа. Улсын дээд шүүхээс “Намын дүрмийн хувьд С.Эрдэнэ гэдэг хүн АН-ыг төлөөлөх эрхгүй. Дөрвөн жилийн хугацаа нь дууссанаас гадна нам нь ялагдсан учраас цаашид сонгогдох боломжгүй” гэж итгэмжлэх хүнийг гаргаж ирэхийг хүссэн. Тиймээс ҮБХ-ныхон эв нэгдлийн ажиллагаа явуулж байгаа. Улстөрч бүхэн аливаа албан тушаалыг өгч чаддаг, авч сурдаг байх ёстой.
Х.Баттулга, С.Эрдэнэ гэдэг хоёр хүн хоорондоо хуйвалдаан хийж, намыг хувийн компани болгох гээд байна. Би хувийн компани шиг намд байж үзсэн хүний хувьд үүнийг эрс эсэргүүцнэ. МАХН-ын мянга мянган гишүүд намын төлөө гэсэн үзэл бодолтой байхад өөрийнхөө эрх ашгийн төлөө гишүүдээ МАН-д зарчихсан. Яг үүн шиг С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эрүүгийн хэрэгт барьцаалагдсанаасаа болоод АН-аар тоглоод байна. С.Эрдэнэ муулаад байсан Х.Баттулгатайгаа тэврэлдэж байна.
Бид сонгуулийн үед энэ хүмүүсээр АН-ыг удирдуулахгүй . Намын удирдлагад нэр, гар цэвэр, хэрэгт холбогдож байгаагүй лидерүүдийг сонгохоор ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр С.Эрдэнийн мэдэгдэлтэй холбогдуулан Х.Баттулгыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсанаа хэллээ. С.Эрдэнэ ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Оросын тагнуул, төмөр замын гэмт хэрэгтэй холбоотой. Дээр нь Оросоос 20 сая ам.доллар оруулж ирсэн” хэмээн хэлсэн юм.
Б.Хэрлэн
Уншиж байна |