УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр байнгын хорооны хуралдааны үеэр энхийн цагт эрүүл мэндийн үзлэгт тэнцээд цэрэгт явсан олон залуучууд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаад анхаарч ажиллах ёстойг санууллаа.
Түүний зүгээс "Нэг жил цэргийн эрдэм сурахад бага хугацаа гэж боддог. Цэргийн алба, эх орны хамгаалагч бэлдээд цэргийн эрдэмд сургаад буцаах ёстой. Гэтэл цэргийн албан хаагчдыг хамаг ажил хийлгэх ёстой юм шиг хандах болж. Тайван цагт эрүүл саруул хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт оруулж авчихаад, эргүүлээд шарил буцааж өгч байна. Ийм явдал олон давтагдлаа. Ховд аймгийн цэргийн ангид сүрьеэ гарсан, ангийн захирагчид ямар арга хэмжээ авсан бэ" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.
Мөн тэрбээр энэ үеэр өөрийгөө АЙДАСГҮЙ улстөрч хэмээн тодотгов. Тэрбээр "Би бол цөөнхийн гишүүн. Намайг айдасгүй улстөрч гээд байна. Аливаа асуудлыг айдасгүй ярьж сурах хэрэгтэй юм. Тэгвэл улс орны эрх ашигт нийцнэ. Өнөөдөр Украины ард түмэн тусгаар тогтнол бүрэн эрхийнхээ төлөө зогсож байна. Яг тийм нөхцөл байдалд бид орохгүй гэсэн баталгааг өгч чадахгүй. Иймээс жижиг орнууд цэргээ яаж бэлдэж, батлан хамгаалах салбарын мэргэжилтэнүүдээ хэрхэн бэлдэж байгааг анхаарч харах шаардлагатай болж байна. Бид бэлтгэлтэй байх ёстой. Би энэ талаар Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай санал бодлоо солилцож байсан. 1921 оны нөхцөл байдал давтагдах магадлалтай. Үүн дээр анхаарч ажиллах ёстой. Цэргийн эрдэмд хүмүүсээ сургах ёстой. Эх орноо хамгаалахад бэлэн байх ёстой. Дарга нарыг харж байхад цэргийн алба хаасан хүн байдаггүй" гэлээ.
Түүний энэхүү байр суурийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд наргиан болгон өндөрлүүллээ.
П.ГОО
Уншиж байна |