НҮБ-ын Дур зоргоор саатуулах ажлын хэсэг энэ сарын эхээр Монгол улсад ажилласан байна. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ажлын хэсэг маш ноцтой дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих нь жирийн үзэгдэл болсон байна. Хуульч байлцуулахгүйгээр байцаалт авдаг нь хэвшмэл болсон. Мөн хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажилд саад болох, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх, цуглаан, эвлэлдэн нэгдэх асуудалд анхаарал хандуулахгүй бол ноцтой түвшинд хүрсэн гэдэг дүгнэлт хийжээ.
2020 онд нийт баривчлах ажиллагааны 99,3 хувь, 2021 онд 98,3 хувь нь ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн байна гэдэг дүгнэлтийг хийжээ. Ажлын хэсгээс мөрдөн байцаагч, прокурор нарыг хянан шийдвэрлэсэн хэргийнх нь тоогоор өрсөлдүүлж, сар бүрийн эцэст ялагчийг тодруулж, урамшуулал олгох маягаар асуудлыг шийддэг практик тогтсон байна гэсэн ичгэвтэр дүгнэлтийг мөн хийсэн байна. Түүнчлэн коронавируст халдварын тархалтын үед халдвараар далимдуулж, хүмүүс үгээ хэлэх, эвлэлдэн нэгдэхийг хязгаарласан нь ёс зүйгүй зүйл байгааг онцолжээ. Иймээс энэ дүгнэлттэй холбоотой ХЗДХ-ийн сайдад Санал асуулга явуулсан. Яаралтай энэ асуудлыг засварлахгүй бол энэ дүгнэлтийг ирэх онд НҮБ-ын хүний эрхийн чуулган дээр хэлэлцэх нь байна. Энэ асуудал НҮБ-д хэлэлцэх юм бол Монгол Улс дэлхийн шившиг болно" хэмээн мэдэгдлээ.
П.ГОО
Уншиж байна |