Хотын дарга 1000 монгол инженерийн оролцоотойгоор Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийг хийхээр бэлтгэл ажилдаа орсон гэдгээ мэдэгдлээ.
Түүний зүгээс "Хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах хүрээнд цогц арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 36 багц бүхий 300 гаруй ажлыг эхнээс нь хийж байна. Үүний нэг нь Ухаалаг Улаанбаатар төсөл. Дэлхийд технологийн дэвшил хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед олон хот технологи дээр суурилсан дижитал шилжилтийг хийж буй. Улаанбаатар хот энэ хөгжлөөс хоцрохгүйн тулд мэдээлэл технологийн үндэсний компаниудтай уулзаж, төлөвлөлтийг хийсэн. Ухаалаг Улаанбаатар төсөл 27 багц асуудал болж задрах бөгөөд эхний ээлжид 12-ыг хэрэгжүүлнэ. Энэ 12-ыгоо Эрүүл, аюулгүй хот, Зам тээвэр, Засаглал гэсэн гурван бүлэгт хувааж, мэдээллийн системүүдтэй холбох үйл ажиллагаа эхнээсээ бэлэн болсон. Улаанбаатар хот дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлж, 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд 27 багц асуудлаа шийдсэнээр Дижитал хот болох бүрэн боломжтой. Дэлхийд дижитал шилжилтийг таван төлөвөөр ангилдаг. Улаанбаатар хотын хувьд нэгдүгээр үе шатаас хоёр руу шилжих шатандаа явж байна. Улаанбаатарыг дижитал хот болгохын тулд салбар хоорондын уялдаа холбоо, иргэдийн оролцоог хангах хэрэгтэй. Интеграцийг хурдтай хийж чадсанаар Улаанбаатар хотын дижитал болох үйл явц хурдасна. Энэ нь төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг бууруулах сайн нөлөөллийг бодитоор бий болгоно" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Технологийн шийдлүүдийг ашиглан иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг Улаанбаатар хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд мэдээлэл технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болсон байна.
Уншиж байна |