Засгийн газрын өнөөдрийн /2022.10.26/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох тогтоол гаргалаа. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор онцгой дэглэм тогтоож байна.
Засгийн газрын 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолоор Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх онцгой арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд энэ оны төгсгөл гэхэд Эрдэнэс Тавантолгой ХК-д 500 сая ам.доллар, Эрдэнэт үйлдвэрт 300 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүрэг өгсөн. Мөн уул уурхайн бусад компаниудад борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлж ирэх үүргийг өгсөн байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Онцгой дэглэмийн хугацаанд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах юм байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх ажлыг хариуцан ажиллах аж. Мөн "нүүрсний хулгай" гэж нэрлэгдээд буй үйл ажиллагааг шалгана.
Эрдэнэт үйлдвэрт өмчлөл, хувьчлалтай холбоотой асуудлаар онцгой дэглэм тогтоож байсан. Тухайн үеийн лацдаж, эрхийг нь шилжүүлэх ажил хийгдэж байсан. Харин Эрдэнэс Тавантолгой компанид тогтоож буй онцгой дэглэм Эрдэнэт үйлдвэрээс өөр. Засгийн газрын 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэсэн тайлбарыг ЗГХЭГ-ын дарга өглөө.