Иргэнээс "E Police" апликейшнд ирүүлсэн зөрчил бүрт 4000 төгрөгийн урамшуулал олгоно гэх мэдээлэл өнөөдөр нийгмийн сүлжээнд тархсан. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэнгээс тодруулга мэдээлэл авлаа.
-Иргэнээс ирүүлсэн зөрчилд урамшуулал олгохоор болсон мэдээлэл тархаад байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Яг одоо Сангийн Яам Тээврийн цагдаагийн албатай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
-Ямар төрлийн зөрчлүүдэд урамшуулал олгохоор яригдаж байгаа вэ?
-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Иргэн эдгээр зөрчлүүдийг зургийг дарж "E Police" апликейшн руу илгээнэ. Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж, зөрчилд торгууль ногдуулдаг байхаар ярилцаж байна. Тухайн зөрчил гаргасан иргэн торгуулиа төлсний дараа мэдээлэл илгээсэн иргэнд урамшуулал олгох байдлаар зохицуулалт хийхээр ажиллаж байна.
-Зөрчил мэдээлсэн иргэнд хэдэн хувийн урамшуулал олгох вэ?
-Ажлын хэсэг дээр Зөрчил мэдээлсэн иргэнд 20 хүртэлх хувийн урамшуулал олгодог байхаар ярилцаж байна. Энэ нь замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй ажил болно гэж үзэж байна. Иймээс энэхүү тогтолцоог хурдан хугацаанд нэвтрүүлэх тал дээр Ажлын хэсэг шуурхай ажиллаж байна.
П.ГОО
Уншиж байна |