2020 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн амны уншлага шиг ярьж яваа зүйл бол Эрдэнэтийн овоолго. Түүний гишүүний зүгээс ““Албан тушаал эрх мэдэл ямбаараа далайлгаж байгаад Монголын байгалийн баялгийг хулгайлаад авчихсан хүн өчнөөн байна. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн овоолго дээр авчихсан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын үйлдвэр нэг их наядын борлуулалт хийсэн байна /2020 оны байдлаар/. Энэ асуудалтай яагаад эвлэрээд сууж байгааг ойлгохгүй байна” гэх үгийг Н.Алтанхуяг гишүүн болонгуутаа чуулганы индэр дээрээс хэлж байв. Харин өнгөрсөн хавар “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай" тогтоолын төсөл өргөн барьсан юм.
Төсөл санаачлагчийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дараа ашиглахаар овоолсон зэсийн хүдрийг хаягдал мэтээр тайлбарлаж хууль журамгүй, сонгон шалгаруулалтгүй, албан тушаалтны үзэмжээр олгодог явдал хавтгайрах болсон учир эрх зүйн зохицуулалт хийх нэн шаардлагатай гэж үзжээ.
Тэгвэл Н.Алтанхуяг гишүүний хэлсэнчлэн Эрдэнэтийн овоолгийг сонгон шалгаруулалтгүй авсан албан тушаалтан хэн бэ? Үүнийг насаараа төрд зүтгэж, төрийн ажлаа өгөхийн өмнөхөн огцом баяжсан П.Цагаантай холбон ойлгож болох. Н.Алтанхуяг гишүүн ч мэдээллийн эхэнд дурдсанчлан хэд хэдэн удаа экс Ерөнхийлөгч, Тамгын газрын даргатайгаа хэрхэн хөрөнгөжсөн түүхийг дэлгэсэн байдаг.
П.Цагааны эзэмшил дэх "Ачит-Ихт” компани овоолгыг ашиглаж эхэлсэн түүх
"Эрдэнэт" үйлдвэр, "Ачит-Ихт” компани хоёрын хооронд 2010 оны есдүгээр сарын 3-нд гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, "Ачит-Ихт” компанийн ерөнхий захирал В.Цамба нар гарын үсэг зуржээ. Гэхдээ энэ гэрээ нь Эрдэнэтийн зөвлөлийн хурлаар орж баталгаажаагүй учир хоёр дахь гэрээг 2013 онд байгуулж тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор баталсан байдаг юм. Энэхүү гэрээнд Эрдэнэт үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд "Ачит-Ихт”-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ хэмээн заажээ. Харин өнөөдөр энэ гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эсэх нь эргэлзээтэй ч овоолгыг ашиглаж буй П.Цагаан тэрбумтны эгнээнд шилжсэн баримт бий.
Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээр 2014 онд П.Цагааных 346 сая төгрөгийн орлоготой байжээ. Харин Эрдэнэтийн овоолго ашиглаж эхэлсний эхний жил буюу 2015 онд П.Цагааны жилийн орлого нэг тэрбум 240 сая төгрөгт хүрч огцом нэмэгдсэн. Нэг үгээр "Ачит-Ихт” компани Эрдэнэтийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэж эхэлснээр ийнхүү П.Цагаан гэх эрхэм тэрбумтнуудыг эгнээнд багтсан байгаа юм. Мөн П.Цагааных 2014 онд 540 сая төгрөгийн дөрвөн орон сууцны байртай байсан бол 2015 онд 2 тэрбум 293 сая төгрөгийн дөрвөн орон сууцтай гэдгээ ХОМ-доо мэдүүлжээ. Ийнхүү 2014 онд байгуулагдсан “Ачит Ихт” ХХК нь жилийн дотор эзнээ тэрбумтнуудын эгнээнд багтааж чадсан нь энэ.
Ийнхүү нэг гэр бүлийн мэдэлд очсон овоолгыг орон нутгийн эдийн засаг, ард иргэдийн амьдралд ашигтай байдлаар хэрхэн ашиглах асуудлыг Н.Алтанхуяг хөндөж, парламентын түвшинд хэлэлцүүлэхээр зүтгүүлсэн ч байнгын хорооноос дэмжлэг авч чадсангүй. Учир нь эрх баригч намын бүлгийнхэн уг асуудлыг парламентын биш Засгийн газрын түвшинд хэлэлцэх ёстой гэж үзэж буй. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй Учир нь Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газар овоолгыг ашиглах боломж байна гэж үзсэн. Лиценз олгох эрх Засгийн газарт бий. Овоолго нь тухайн лиценз эзэмшигчтэй холбоотой асуудал. Уг асуудлыг Засгийн газар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Түүнээс биш газрын хэвлийд байгаа баялаг болгонд УИХ шийдвэр гаргах нь замбараагүй байдал бий болгоно. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулиар үүнийг шийдэх юм" хэмээн мэдэгдсэн.
Н.Алтанхуягийн боловсруулсан тогтоолын төсөлд зааснаар бол овоолго ашиглаж буй үйлдвэрийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр, 33 хувийг Орхон аймаг буюу Эрдэнэт хот, үлдсэн 33 хувийг байгалийн баялгийн хажууд байгаа ард иргэд эзэмших ёстой байв. Иймээс энэ асуудлыг Засгийн газрын түвшинд энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэхийг харах л үлдэж байна.
П.ГОО