Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 37 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 118 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 734 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 711 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
Худалдаа хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх;
Булган аймгийн Сэлэнгэ сумын нийтийн албан тушаалтан “М” нь сумын Засаг даргын газрын эрх шилжүүлэх тухай захирамж гараагүй байхад 57 га газрыг олгон, бусдад давуу байдал бий болгосон гэх;
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч “Б” нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй бусдад давуу байдал бий болгосон гэх;
Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан “Ц” нь алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий уурхайн албан тушаалтнаас 200 сая төгрөг хахуульд авсан гэх;
Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн хамаарал бүхий этгээдэд газар олгуулах шийдвэрийг гаргуулж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
Дундговь аймгийн Өлзийт сумын удирдах албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосны улмаас хүрээлэн буй орчинд 24 сая төгрөгийн экологийн хохирол учруулсан гэх;
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын удирдах албан тушаалтан “Б” нь сумын нөхөн сэргээлт хийгдэх шаардлагатай хайргын талбайд тусгай зөвшөөрөлгүй компанид давуу эрх олгон ажил гүйцэтгүүлж, мөнгө угаасан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: АТГ
Уншиж байна |