Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар гавьяатынхаа найрыг хийсэн. Энэхүү найранд уригдаж очсон Архангай аймгийн гишүүд болох Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар машин амласан. Гэвч өнөөдрийг хүртэл амласан машинаа өгөөгүй байгаа аж.
Энэ талаар Ж.Мөнхбат өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд "Өмнө Э.Цэндбаатарыг Архангайнх гэдэг таамаг л байсан. Бид найран дээр нь очоод машины эрхийн бичиг гардуулан өгсөн. Үүний дараа Э.Цэндбаатартай хэд хэдэн удаа уулзсан. "Энэ үеэр цаг хугацаа орно, хүмүүсээс хандив цуглуулж машин авч өгнө" гэдгээ хэлсэн. Мөнгө төгрөг нь цуглахаар авч өгнө. Гэхдээ бид Э.Цэндбаатарт өргүй шүү дээ. Бид Э.Цэндбаатарт машин өгөх албатай ч биш. Үүрэг байхгүй. Ингэн ингэн бид хүнд юм өгөх хэрэгтэй юу гэдгийг бодож байна. Ер нь мөнгө цугларахаар аймгийн аль нэг сумын эмнэлэгтээ хандивлах гэх мэт асуудал ч яригдаж байна. Маш олон хэвлэлээр дайрч байна" гэлээ.
Ж.Мөнхбат гишүүний хувьд “УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон Архангай аймгийн Нутгийн зөвлөл, Засаг дарга М.Батжаргал бид бүхэн нутгийнхаа дүүгийн амжилтыг нь мялааж, олон тамирчдын замыг нь зассан булган сүүлтэй тамирчин болоорой гээд Бридж группийн оруулж ирдэг Suzuki Jimny маркийн автомашинаар мялааж байна” хэмээн мэдэгдэж байв
Ийнхүү Архангай аймгийн гишүүд Э.Цэндбаатарт амласан машинаа өгөх асуудал сунжирч, гоморхол гомдол болон үргэлжлэх нь ээ.