УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дээлээ давхарлаж ХНХ-ын сайдад нэр дэвшлээ. Түүнийг өглөө хуралдсан МАН-ын удирдах зөвлөл 100 хувь дэмжсэн гэх мэдээлэл цахим орчинд тархлаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь 2012 онд МАН-ыг Шинэчлэх хороо гэгчийг байгуулж улстөрийн замналаа эхлүүлж байв. Үүнээс хойш агентлагийн дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга гээд богино хугацаанд дэвшин дээшилж яваа улстөрч. Ийнхүү улстөрд дэвшин дээшлэхийн хэрээр Т.Аюурсайханы хөрөнгө орлого ч өсжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханых 2017 онд гэр бүлээрээ 79 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлж байв. Тэгвэл өнөөдөр тэднийх жилийн 400 сая төгрөгийн жилийн орлоготой айл болон хөрөнгөжжээ. Тэднийх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь НЭГ тэрбум 210 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 118 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машинтай. 498 сая төгрөгийн үнэлгээ бүхий 141 адуутай, үүний 23 нь хурдан удмынх.
Анх гишүүн болохдоо дансандаа нэг сая төгрөгтэй 300 сая төгрөгийн зээлтэй байсан бол өнөөдөр дансандаа 162 сая төгрөгтэй өр зээлгүй нэгэн болжээ. Ийнхүү парламентад сууж хөрөнгө орлогоо хэд дахин нэмэгдүүлсэн Т.Аюурсайхан гишүүн дээлээ давхарлаж сайдын суудалд тухлах нь ээ.
П.ГОО
Уншиж байна |