Нийслэлийн дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, нэг цэгийн үйлчилгээний төв дээр нэг ажилтан үндэсний энгийн гадаад паспортын зургийг авч байгаа нь дараалал үүсгэж, шүүмжлэл дагуулаад байгаа.
Тэгвэл үүнийг дараах байдлаар шийдвэрлэх боломжтойг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар өчигдөр (2022.10.19) Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллах үеэрээ хэллээ.
Үүнд:
- Үндэсний энгийн гадаад паспортын зургийг бүртгэлийн байгууллагын цахим санд байгаа өмнөх 1 жилийн дотор авхуулсан зургийн санг ашиглан, иргэдээс зураг нэхэхгүй байх;
- Мэргэжлийн зурагчнаар авхуулсан зургаа иргэд файл хэлбэрээр авч ирсэн бол хүлээн авдаг байх;
- Иргэд бүртгэлийн ажилтнаар зургаа авхуулах хүсэлтэй бол зургийг нь авдаг байх;
- Иргэдийн цахим шуудангаар илгээсэн зургийг хүлээн авдаг байх;
- И-Монгол (е-Mongolia) цахим үйлчилгээний нэгдсэн порталаар илгээсэн үндэсний энгийн гадаад паспортын хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэх; Ингэхдээ зөвхөн шаардлага хангасан зураг хүлээн авах талаар иргэдийг болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг мэдээллээр хангах нь үл ойлголцол үүсэхээс сэргийлэх боломжтой юм.