Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Солонгоор ахлуулсан ажлын хэсэг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дуусаж байна. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
Монгол Улсад одоогийн байдлаар 20 орчим мянган гадаадын хөрөнгө оруулалттай ААН үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ ААН-үүд болон Элчин сайдын яамд, төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, олон санал хүлээж авсан.
Гадны хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулахад хулуийн этгээд байгуулахаас эхлээд хүндрэл бэрхшээлтэй тулгардгаа хэлж байна. E-Mongolia системээр бүртгүүлж, хуулийн этгээдийн гэрчилгээ авдаг боломжийг нээж өгөх саналыг тавьсан. Мөн зарим хууль хоорондоо зөрчилддөг зэрэг олон хүндрэлийг ярьсан. Ашигт малтмалын тухай хууль болон энэ чиглэлийн орон нутгийн шийдвэрүүд гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Гадны хөрөнгө оруулагчдад тулгамдаж байгаа энэ асуудлуудыг шийдвэрлэх зорилготой хуулийн баг ажиллаж байгаа.
Өөр нэг том асуудал нь хамтран хувьцаа эзэмшигчид нь хууль хүчний байгууллагатай хамтран гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн үйл ажиллагаа явагдсан. Энэ чиглэлээр бид хэргүүдийн судалгаа, түүврийг гаргаж байна.
Ерөнхий прокурор, Тагнуулын байгууллагын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүстэй холбогдох гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон хэргүүдийн жагсаалтыг 10 дугаар сарын 28-ны өдөр олон нийтэд танилцуулна.
Арбитрт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд, шүүхийн шатанд гацсан, иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгож шийдүүлсэн, бусдыг үндэслэлгүйгээр Монгол Улсаас гаргах хууль бус ажиллагаа зохион байгуулж, хар тамга даруулж, хөрөнгө оруулагчдын оруулаагүй зэрэг хэргийн уртаас урт жагсаалтыг та бүхэнд танилцуулна.
Олон жил бугширч, прокурор, шүүхийн дээд, дунд шатанд гацаж, мөрдөн байцаах, цагдаа, шүүх, прокурор, АТГ-т ажиллаж байсан хүмүүстэй холбоотой хэргүүд учраас олон нийтийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай.
Энэ хэргүүдийг бүгдийг шийдүүлж байж бид цаашдаа гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ. Гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг бүлэглэлүүдийн үйл ажиллагааг эцэслэхээр гадны хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөл бүрдэнэ" гэсэн мэдээллийг өглөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |