Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин эсрэг урсгал сөрж долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. М гэгч нь тухайн өдөр тээврийн хэрэгслийг унаад хөдөлж байгаа бичлэгийг бид олсон. Гэвч прокурор бичлэгийг нийтэд задлахыг хориглосон. Зөвшөөрөгдсөн хүрээнд зургаар мэдээлэл хүргэе. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Норжин худалдааны төвийн арын шороон замаас Ланд 200 машин хөдөлгөөн хийж эхэлсэн. Хөдөлгөөн эхлэх үед тухайн тээврийн хэрэгсэлд Б гэгч суугаад машиныг унаж, хажуу талын грашийг мөргөсөн нь бичлэг үлдсэн байна. Харин энэ үед осол гаргасан М гэгч жолоог шилжүүлэн авч хөдөлгөөнд оролцсон. Улмаар Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар, Нарантуулын уулзвараас Их Монголын уулзвар хүртэл ямар нэг дүрмийн зөрчилгүй хөдөлгөөн хийгээд Олимп хотхоны хойд хэсэг хүртэл явж байгаа. Явсан маршрутаас харахад осол гаргасан жолооч М мөн эсэх дээр эргэлзэх шаардлагагүй" гэлээ.
Мөн мэдээллийн үеэр шинжээчийн дүгнэлтийг "Иргэн С-ийн зүүн өвдөг, баруун шилбэнд зулгарсан гэмтэл тогтоогдсон. Энэ нь гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарч байгаа" хэмээн танилцууллаа.
П.ГОО