Өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт королла маркийн автомашин, Ланд 80 автомашинтай мөргөлдсөн осол гарсан. Ослоос хойш цаг гаруй хугацааны дараа нийгмийн сүлжээнд осол яагаад гарсан тухай бичлэг тархаж, Тээврийн цагдаагийн албанаас ослын улмаас Ланд 80 автомашин хөмөрч, зорчигч эмэгтэй гэмтсэн гэх мэдээллийг өглөө. Ослын шалтгааныг ч тэр даруй тогтоож Ланд 80 маркийн автомашины жолооч зүүнээсээ баруун чиглэлтэй явахдаа гэрэл дохио зөрчин урдаасаа хойш чиглэлтэй явж байсан королла маркийн автомашины жолоочтой мөргөлдсөн ослын газар Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн үзлэг хийж, 2 жолоочийг драгёр багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгийг тогтоосон байна. Хурдан шуурхай ажиллаж чаддаг гэдгээ тэд ийнхүү харууллаа.
Тэгвэл өнөөдрөөс ЕС хоногийн өмнө буюу энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин эсрэг урсгал сөрж долоон автомашин мөргөсөн ноцтой осол өнөөдрийг хүртэл бүдэг бадаг хэвээр байна вэ? Баянзүрх дүүргийн Жуков орчмоос эхлэн хөдөлгөөнд хэвийн оролцож байсан жолооч гэнэт осол гаргав, ослын тухай мэдээлэл бүр хаалттай байна вэ? гэх асуулт хариултгүй өнөөдрийг хүрлээ.
Тухайн өдрийн орой 18:46 цагт Ланд Круйзер-200” маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч замын эсрэг урсгалд орж нийт 7 автомашин мөргөж, улмаар зам дагуу явж байсан 12 настай С, Э нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан юм. Албаныхны өгч байгаа мэдээллээр тээврийн хэрэгслийг 29 настай М жолоодож явсан, найз залуу Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх. Ийнхүү нийтийн анхаарал татаж байгаа уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр Тээврийн цагдаагийн албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ мэдээлэл хийлээ. Харамсалтай нь тэд юунд ч хариулт өгч чадсангүй. "Осол гаргасан хүн манай даргын охин биш, бид шалгаж байна, дахин шинжээчдийн баг томилсон" гэх албаны үг. Осолтой холбоотой олон таамаг яриа байгаа ч тэдгээр нь албан ёсоор батлагдаагүй, албаныхан баталж чадахгүй байгаа мэт дүр эсгэж байна.
Асуудал цаашид хэрхэн өрнөж, хариултаа хүлээсэн олон асуултад Тээврийн цагдаагийнхан ямар хариулт өгөхийг харах л үлдэж байна.
П.ГОО
Уншиж байна |