2020 оны сонгуулийн өмнөхөн МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Х.Болорчулуун сайд болтлоо дэвшив. Түүний хувьд Хишиг Агро ХХК, Дорнод гурил ХХК-ыг 2021 он хүртэл 100 хувь эзэмшдэг байв. Нэг үгээр МАН дотроо бол гайгүй ганцагачин. Гэтэл өнгөрсөн оноос гэнэт л түүний Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь Хишиг Агро ХХК ор мөргүй алга болж, Дорнод гурил ХХК-ынхаа ТАВХАН хувийг эзэмшдэг нэгэн болов. Нэг үгээр Х.Болорчулуун сайд болох бэлтгэлээ сар жилийн өмнөөс базаасан гэсэн үг. Ингэж тэр хүнсний салбар дахь бизнесээ хөшигний ард зохицуулчихаад сайдын суудалд тухлав. Гэвч Х.Болорчулууныг Дорнод гурилынх гэдгийг мэдэхгүй хүн ховор юм.
Түүнийг сайд болсноос хойш сүүлийн таван жил тогтвортой байсан гурилын үнэ огцом өсчих нь тэр ээ. Энэ талаар Х.Болорчулуун зүгээс "Монголчууд мах гурилаа хамгийн хямд хэрэглэдэг. Үнэ буулгах боломжгүй" хэмээн лүндэн буулгав. Аргагүй шүү дээ. Хувийн бизнес нь цэцэглэн хөгжиж, ашиг орлого нь арвин ихээр нэмэгдэж байхад хамаг бүдүүн дарга, хамгийн мэдэгч сайдтан юу гэж л гурилын үнэ буулгах өөрийнх нь хувьд гунигт шийдвэрийг гаргах вэ дээ.
Одоо ашиг сонирхлын зөрчилтэй хүн салбар толгойлох нь ямар уршиг дагуулж байгааг Монголчууд бид биеэрээ туулна. Монгол улсын стратегийн хамгийн чухал хүнсний бүтээгдэхүүний нэг гурил. Нөгөө талаар төрийн хайр хишгийг хамгийн их хүртэж, хөнгөлөлт чөлөөлөлт, урамшуулалд хамрагдаг салбар бол газар тариалангийнхан. Гэтэл тэд эдийн засгийн хамгийн хүнд үед үнээ нэмж бэлэг барилаа. Цаашид гурилын үнэ хэдэн хувиар нэмэгдэхийг таашгүй. Учир нь хувийн гурилын үйлдвэртэй сайд гурилынхаа үнийг нэмэхдээ таатай байж, хамгаалсаар байх болно. Нэг үгээр эрхэм сайдад ард түмний атга гурилтай байх нь хамаагүй, арвин ашигтай бизнестэй байх нь л чухал шүү дээ
П.ГОО
Уншиж байна |