Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 114 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
“Э” нь гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан гэх;
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан нь өөрийн төрсөн дүүг хууль бусаар албан тушаалд томилон ажиллуулж улсад 67.474.522 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 50.000.000 төгрөгөөр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
Иргэн “А” нь Булган аймагт тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад 80.000.000 төгрөгийн хахууль санал болгосон гэх;
"Өвөрхангай аймгийн АЗЗА" ТӨХК-ийн удирдах албан тушаалтан нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг өөр компанийн дансанд шилжүүлэн гарган авч хувьдаа завшсан гэх;
Бичил санхүүгийн хөгжлийн сангийн удирдах албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;
Увс аймгийн Сагил сумын удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөг өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр авсан гэх;
БНХАУ-ын иргэн “З” нь нийтийн албан тушаалтан “Т”-д 142.257.500 төгрөгийн хахууль өгсөн гэх;
“А” нь төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ урвуулан ашиглаж, нэр бүхий компаниудын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх.
Уншиж байна |