Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 150 ортой шинэ барилга баригдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтэд нь оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэнд тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарал хандуулж буй. Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар 1959 онд үүд хаалгаа нээсэн, энэ хугацаанд 350 гаруй мянган шинэ иргэнийг өлгийдөн авчээ. Мөн олон мянган эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлгийн барилга хуучирсан, 63 жилийн дараа шинэ барилгын ажлыг ийн эхлүүллээ.
Засгийн газар түүхэндээ анх удаа буюу 2021 онд эрүүл мэндийн салбарт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь тус салбарт сүүлийн 12 жилд хийгдсэн нийт хөрөнгө оруулалттай тэнцэж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд зориулж 2021 онд Хөвсгөл, Увс, Дорнод аймаг, Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгийн барилга, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Өргөө амаржих газрын засвар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Эх, нярайн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулсан.
2022 онд энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”, “Хүрээ” амаржих газрын шинэ эмнэлэг гэх мэт томоохон барилга, тоног төхөөрөмжийн хөрөнгийг шийдвэрлэн ажиллаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны зургадугаар сарын 1-нд “Хүрээ” амаржих газрын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд 10 жил хүлээгдээд буй шинэ барилгын асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг Засгийн газрын тэргүүнээс хүсэж байсан юм.
Шинэ барилга ашиглалтад орсноор “Хүрээ” амаржих газрын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, тусламж, үйлчилгээний төрөл, чиглэл, үйлчлэх хүрээ өргөжиж, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэн, 80 мянга орчим эмэгтэйчүүдэд эх барих, нярайн, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болно.
“Хүрээ” амаржих газрын барилгын ажлыг “Өгөөмөр дэнж “ ХХК гүйцэтгэж, 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Уншиж байна |