УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр МАНАН дэглэмийн эсрэг 2019 оны тэмцлийг сануулахаар мэдээлэл хийж буйгаа зарлав. Мөн “Шинэ хувьсгал” хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор байгуулж байгаагаа мэдэгдлээ.
Ж.Батзандан: 2019 оны 01 дүгээр сард Сүхбаатарын талбайд 50 мянган хүн МАНАН дэглэмийг устгаж, Монголоо шинэчилье гэсэн уриатай жагсаж байсан. МАНАН алга болж, устсан уу гэж У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайханаас, Л.Болдоос бас Ж.Батзандан өөрөөсөө асуух цаг болсон. У.Хүрэлсүх ерөнхийлөгч таван гишүүнтэй нийлж, М.Энхболдын бүлэглэлийг засаг төрөөс зайлуулж, Монголын ард түмний өмчийг хулгайлсан нөхдөд хариуцалаг тооцуулж, оффшор хөрөнгийг оруулж ирж, шударга ёсыг тогтоохоор тэмцэж байсан цаг саяхан.
Хамт тэмцэж байсан нөхдийн зарим нь том дарга болоод ярьж байсан зүйлээ мартсан байна. Хамт тэмцэж явсан нөхдөө шорон гяндангаар айлгадаг болсон байна. Бид том булчинтай, том дарга нараас айж байна. Гэхдээ Монголын ард түмэн юу хүсэж байгааг том дарга нарт өдөр болгон сануулж, шаардахын тулд “Шинэ хувьсгал” хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор байгуулж байна.
Монгол Улс сөрөг хүчингүй болоод олон жил боллоо. Сөрөг хүчний дуу хоолой дутагдсанаас бол эрх баригчид атар онгон, зэрлэг болсон байна. Жаахан ширүүн үг хэлэхээр “ална шүү” гээд мессеж явуулж байна. Одоо сөрөг хүчний дуу хоолойг “Шинэ хувьсгал” хөдөлгөөнөөр босгож ирнэ" гэсэн мэдээллийг хийлээ.
Мөн тэрбээр ахыгаа хоригдсон асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан "Дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хорьдгоо одоо боль оо. Хүүхэдтэйгээ муудчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил аа. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө, би таныг ядарч явахад чинь олон удаа тусалж явсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайд байхад Та өөрөө өөрийгөө чагнасан хэрэгт холбогдож, эрүүгийн хэрэгт татагдах гэж байхад чинь би өмөөрч байлаа. Та өнөөдөр Ж.Батзандангийн тусыг мартсан байж магадгүй. Мартаж болно. Гэхдээ өнөөдөр таниас нэг л зүйлийг хүсье. Шударга ёсыг тогтоохын төлөө бидэнтэй хамт явах уу. Бидэнтэй хүчээ нэгтгээч гэж бид таниас хүсэж байна.
Өөрийнхөө дэд сайд найз шоронд явуулна уу, шонд өлгөнө үү тэр таны асуудал. Миний асуудал биш. Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн танай намын Бага хурлын гишүүн, таны дотны найз чинь" гэж хэллээ.
Б.Хэрлэн