Хүн бүр хашаандаа сайхан амьдрах боломжтойг өөрсдийн биеэр үлгэрлэж яваа хүмүүсийн нэг болох Т.Дэлгэрцогт ах, Н.Билэгмаа эгч хоёртой уулзахаар СХД-ийн 25 дугаар хороог зорилоо.
Тэднийх Зүүн салааны эцэст өөрсдийн тохижуулсан цэмцгэр хашаандаа аж төрөн амьдардаг. Хашааны хаалга нээгдмэгц л энд тэндгүй мод, өнгө өнгийн алагласан цэцэгс, хажууханд нь хэд хэдэн нарийн ногооны хүлэмж байх нь тэр. Байшинд ороход хэдий Н.Билэгмаа эгч ширээ дүүрэн жимс ногоо бэлдчихсэн инээмсэглэл дүүрэн угтлаа.
Тэрбээр хэлж ярихаасаа илүүтэй хийж бүтээхийг урьтал болгодог, зүгээр сууж чаддаггүй хөдөлмөрч, бас дээр нь эгэл даруухан зантай хүмүүс байв. Хэсэгхэн хугацаанд Н.Билэгмаа эгчтэй халуун дотно яриа өрнүүлэв.
-Энэ жилийн ургац арвин байв уу? Ногоо тариалаад хэдэн жил болж байна вэ?
- Би 1985 онд ХААИС-ийг агрономич мэргэжлээр сурч төгссөн. Мэргэжлээрээ 23 жил ажилласан. Түүнээс хойш 2008 оноос эхлэн өрхийн тариалан эрхэлж хашаандаа хүнсний ногоо тариалж өдийг хүртэл амьдралаа залгуулж явж байна.
- Гэр бүлд нь ногоо тариалдаг хүн байдаг уу?
- Аав ээж хамаатан саданд тийм хүн байхгүй. Магадгүй миний сонгосон мэргэжилтэй холбоотой учраас өөрийн хүсэл сонирхлоор нөхөртэйгөө хүнсний ногоо хамт тариалдаг.
- Энэ зун хэчнээн төрлийн ногоо тариалсан бэ?
- Манайх хашаандаа хүнсний найман төрлийн ногоо тариалдаг. Мөн бут жимсний мод гэх мэтчилэн 20 гаруй төрлийн мод тарьсан байна.
- Тариаланч гэдэг амаргүй ажил гэдэг юм билээ. Таны хувьд ямар байдаг вэ?
- Мэдээж хүнд үедээ хүнд шүү. Цаг нартай уралддаг. Хаврын нэг өдөр намрын арван өдөртэй тэнцдэг гэж ярьдаг шиг Хаврын нэг өдрийг алдвал намрын арван өдрийг алдаж байна гэсэн үг юм.
- Тариалахад бусдаасаа ажиллагаа ихтэй ногоо нь ямар ногоо байдаг вэ?
- Бүх ногоо л тариалахад ажиллагаа ихтэй байдаг. Гэхдээ хүлэмжид тариалагдаж буй огурцы, улаан лооль зэрэг ногоонууд байдаг. Мөн сүүлийн үед дулааны хоног цөөхөн болж байна. Адаглаад л гадаа тарьдаг огурцы их бага болчихсон байгаа. Тиймдээ ч гадаа тарьдаг огурцыг хүлэмждээ тариалдаг болсон. Зундаа бороо бага орж байгаа учраас хашаандаа худагтай тулдаа л ногоо тариалж байна.
- Танайх хэдэн га газарт ногоо тариалж байна вэ?
- Бидний энэ амьдарч байгаа хашаа бол хүн болгонд хуваарилж өгсөн 0.7 га газартаа амьдардаг. Энэ газартаа байшин граш ороод үлдсэн жижиг газартаа л ногоогоо тариалдаг.
- Хүнсний ногоо тариаланд ашгаа буцааж авч чадаж байна уу?
- Газрын өгөөж их л дээ. Тарьж байгаа хүн өөрөө арчилж ургуулж чадаж байвал ашгаа маш сайн өгдөг. Бид хоёрын хувьд хавар нарийн ногооны үрсэлгээгээ ихэнх аймгуудад зардаг учир хангалттай ашгаа буцааж авдаг.
Төд удалгүй гэрийнх нь гадаа талбайтай танилцах гэж гарлаа. Эднийх ногоо тарихаас гадна олон төрлийн цэцэг, эмийн ургамал тарьдаг. Өнгө өнгийн цэцгэн дээр Зөгий цэцгийн тоос цуглуулж буй энэ байдлыг бараг л хагас цаг харлаа. Ягаан,шар, цагаан гээд өнгө бүрийн жижиг том дэлбээтэй янз бүрийн цэцэг бүрийг дамжина. Зарим дээр нь суугаад л ниснэ. Зарим дээр нь үргээхгүй л бол нисэхгүй байгаад байна. Их тайван бас үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Т.Дэлгэрцогт ахын гэр бүл ногооны үнэ өслөө гэх дарамтад орохгүйгээр хүссэн үедээ хашааныхаа ногооноос бүр шилж сонгоод хоолондоо хийчихнэ. Ногоон сонгино, луувангаа варианы шилэнд хийгээд дарчихна. Тэгээд гаргаад идэхэд янзын шүү гээд тэд хоорондоо ярилцацгаана.
Өнгө, өнгийн цэцэгс алагласан талбайд мод, бут тариалж, өрхийн хэрэгцээгээ хангах хүнс ногоо тариалан гэр хороололд тав тухтай сайхан амьдарч буй Т.Дэлгэрцогт ахынд зочлоход ийм буюу. Өөрсдөө хөдөлмөрлөөд, төр засаг, хэн нэгнээс гуйлгүйгээр үлгэр жишээ болсон орчныг бүрдүүлж чадсан түүний гэр бүлээр бахархах сэтгэл төрж байлаа.
Ц.Наранцацрал