Саяхан Украины цэргүүд Оросын армиас чөлөөлсөн Харьков мужийн Изюм хотоос холгүйхэн ойд хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан газар олджээ. Энэ талаар "Настоящее время" суваг мэдээлээд, батлах гэрэл зургуудыг нийтэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр гэрэл зургуудыг Украины сэтгүүлчдээс авсан гэнэ. Гэрэл зургууд дээр загалмай, самбар хатгасан булш харагдах бөгөөд зарим загалмай дээр овог нэр, огноо бичжээ. Нэг загалмай дээр "Украины Зэвсэгт хүчин, 17 хүн, Изюм хот, цогцос хадгалах газраас авчирсан" хэмээн бичсэн байх аж. Харин зарим булшнууд дээр загалмай огт хатгаагүй байна.
Сураггүй болсон этгээдүүдийн асуудлыг хариуцаж буй Украины албан тушаалтан Олег Котенко эдгээр гэрэл зургууд үнэн бодит гэдгийг баталсны дээр энэ газарт олон зуун булш байгаа хэмээн өгүүлжээ. Гэхдээ чухам хичнээн хүнийг энд оршуулсан, тэд хэзээ, ямар байдалд амиа алдсан гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Тэдний дунд цэргийнхэн төдийгүй энгийн иргэд ч байгаа гэж таамаглаж байгаа юм байна. Загалмай дээрх огнооноос харахад энгийн иргэдийн зарим нь Оросын арми Изюм хотыг буудаж байсан үед амиа алдсан нь тодорхой гэж Олег Котенко мэдэгджээ.
Харьков мужийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах газрын дарга Сергей Болвинов Британийн Скай Ньюс агентлагт ярилцлага өгөхдөө энэ хэсэгт 440 орчим хүнийг оршуулсан хэмээсэн байна. Түүний өгүүлснээр, зарим хүмүүс бусдын гарт амиа алдсан бол нөгөө хэсэг нь артиллери, агаарын цохилтын улмаас амиа алдсан гэж Болвинов өгүүлсэн байна. Оросын цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгах хүрээнд бүх цогцосыг гаргаж, шинжилгээнд оруулна гэж тэрбээр онцолжээ.
Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын эхээр Оросын цэргүүд Изюм хотыг эзлэж байв. Харин есдүгээр сарын эхээр Харьков мужид Украины цэргүүд өргөн цар хүрээтэй сөрөг давшилт хийсний дүнд энэ хотыг чөлөөлсөн. Хотын төлөөх тулаанд нутгийн мянга гаруй иргэн амиа алдсан гэж Изюм хотын эрх баригчид мэдэгэдж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |