Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, байнгын үйл ажиллагаатай боллоо. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд, төмөр замчид оролцов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, Та бид энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа туйлын их баяртай байна.
Монгол Улс тэртээх 1955 онд ЗХУ-ын инженер, техникийн ажилчдын тусламжаар хойд, урт хилээ холбосон 1111 км төмөр замыг барьж байгуулан, ашиглалтад оруулж байсан бол 70 шахам жилийн дараа Монгол инженер, Монгол залуусын ур ухаан, хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартад нийцсэн 240 км төмөр замыг бүтээн байгуулж, ашиглалтад оруулж чадлаа.
Энэхүү төмөр зам нь хоёр өртөө, 6 зөрлөг бүхий автомат хориглолттой, уулзваргүй, жилд 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай хөгжлийн хурдасгуур болсон анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын цогц бүтээн байгуулалт гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Цар тахал, геополитикийн хүнд нөхцөл байдалд байсан ч монгол инженер, монгол залуус энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг товлосон цаг хугацаанд нь амжилттай ашиглалтад оруулж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Энэхүү бүтээн байгуулалт нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөв менежмент, оновчтой бодлого, хариуцлагатай байдал ямар чухал болохыг тод харууллаа.
Тавантолгой-Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас байх болно.
Энэхүү хөгжлийн зам монголчууд бидэнд өндөр үр ашиг, өргөн боломж нээж, ирээдүйд хөтлөх үүд хаалга байх болно. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор манай улсын экспорт нэмэгдэж, эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт өсөж, ард иргэдийн амьдрал дээшилж, улс орны хөгжил дэвшилд асар их хувь нэмэр, боломж бий болно. Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэлх экспортын ачаа тээврийн зардал дөрөв дахин буурна. Цаашид ачаа тээврийн хүчин чадал 10-50 сая тонн хүртэл нэмэгдэж, манай улсын нүүрсний экспортын орлого хоёр дахин өсөх боломж бүрдэнэ.
Мөн төмөр зам дагасан шинэ амьдрал бий болж, суурьшлын бүсүүд шинээр сүндэрлэн, ажлын байр нэмэгдэж, хот, хөдөөгийн хөгжлийг түргэтгэх амьдралын зам болно.
...Энэхүү төмөр замын бүтээн байгуулалт олон жилийн турш царцаж, экспортын асар их орлого, боломж, үнэт цаг хугацааг алдаж, улс орны хөгжил дэвшилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг монголчууд бид мартах ёсгүй.
...Ийнхүү Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжил дэвшлийн төлөө зүтгэж эхэллээ” гэдгийг хэллээ.
Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын талаар 14 жил үргэлжилсэн талцал, маргаан эцэслэлээ
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын талаар 14 жил үргэлжилсэн талцал, маргаан бүтээн байгуулалтыг хүлээн авсан энэ цагаас эцэслэж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөрөнгө оруулагч Эрдэнэс Тавантолгой компанийн хамт олон, уурхайчдад, төслийг гардан хийсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хамт олон, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК-ийн хамт олон, төмөр замыг бүтээн байгуулах их үйлсэд санаа зорилго нэгдэн ажилласан 6000 гаруй ААН, 5000 орчим инженер техникийн ажилчдад халуун баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.
...Монголын төр хөдөлмөрлөн зүтгэвэл хийж, бүтээж болдгийг өнөөдрийн үйл явдал нотолж байна. Засгийн газар 2018 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх тухай 242 дугаар тогтоолыг баталж, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулж, 2019 онд төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж байсан.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, өртөө зөрлөгийн иж бүрэн байгуулалттай, дэвшилтэт технологи, инноваци шингэсэн Монгол Улсын төмөр замын салбарт шинэ стандар тогтоож, технологийн хувьсгал хийсэн түүхэн бүтээн байгуулалт болсныг бахархалтайгаар онцлон тэмдэглэе.
Бодь Интернэшнл группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Гүйцэтгэсэн ажлаа нэр төртэйгээр хүлээлгэн өгч байгаадаа туйлын их баяртай байна
Төслийн ерөнхий гүйцэтгэгч Бодь Интернэшнл группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Бид өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн амин чухал судас болох, олон жил дуншсан Тавантолгой-Гашуунсухайтын нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр замын нээлтэд хүрэлцэн ирээд байна.
Бодит амжилтын төлөө уриатайгаар 1993 оноос үйл ажиллагаагаа амжилттай, тогтвортой явуулж ирсэн Бодь Интернэшнл компани нь 2019 оноос Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, өнөөдөр нэр төртэйгээр хүлээлгэн өгч байгаадаа туйлын их баяртай байна.
Манай компанийн хувьд 30 сарын хугацаанд багтаан төслийг дуусгах, төлбөрийг нүүрсээр гүйцэтгэх нөхцөлийг тухайн үед хүлээж авсан нь маш том эрсдэл, маш том сорилт байсан юм.
...Манай компанийн хамт олон энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ энх цагийн дайчин хүмүүсийн жишгээр эх орынхоо төлөө оруулж буй өөрсдийн чадах хамгийн дээд хувь нэмэр гэж бодон бүхий л ажилд чин сэтгэлээсээ хандаж, нэгэн зорилгын төлөө гар нийлэн ажиллалаа.