Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюун ухааны дэлхийн дэвжээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид, удирдан бэлтгэсэн багш нарт нэрэмжит шагналаа гардуулав.
Өнгөрсөн жил Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын таван төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн байна.
Ерөнхийлөгч алтан медальтныг 10 сая, мөнгөн медальтныг найман сая, хүрэл медальтныг таван сая, тусгай байрын эзнийг гурван сая төгрөгөөр шагналаа. Мөн Олимпиадыг зохион байгуулах хорооны үйл ажиллагааг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн шагнал олголоо.
Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сурагчид болон багш нарт сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Олон улсын математикийн олимпиад 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд Норвег Улсын Осло хотод, Биологийн олимпиад 07 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд Армени Улсын Ереван хотод, Химийн олимпиад 07 дугаар сарын 10-18-нд БНХАУ-ын Тяньжин хотод, Физикийн олимпиад Швейцар Улсын Цюрих хотод 08 дугаар сарын 07-15-ны өдрүүдэд, Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиад Индонез Улсын Ёогякарта хотноо 08 дугаар сарын 07-15-ны өдрүүдэд болж, Монгол Улсаас 23 сурагч, 13 дасгалжуулагч багш оролцсон юм.
Математикийн олимпиадад 6 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-3, тусгай байр-1, химийн олимпиадад 4 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-2, мэдээлэл зүйн олимпиадад 4 сурагч оролцон хүрэл медаль-2, физикийн олимпиадад 5 сурагч оролцон мөнгөн медаль-1, хүрэл медаль-3, биологийн олимпиадад 4 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-2, нийт 5 сурагч мөнгөн медаль, 12 сурагч хүрэл медаль авч, 2 сурагч тусгай байр эзэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.
Уншиж байна |