УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын дарга С.Эрдэнэ, тус намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ. Тэд АН-ын бүлгийг татан буулгаж буйгаа мэдэгдлээ. Бүлгийн оронд Ардчилсан намын УИХ-ын гишүүдийн зөвлөлийг байгуулан ажиллуулахаар болжээ. Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбат томилсон байна.
Ингэснээр цаашид УИХ-ын үйл ажиллагаанд бүлэг бус АН-ын байр сууринаас хандана гэдгийг хэлж байна.
АН-ын дарга С.Эрдэнэ: Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АН-ын удирдлагууд хуралдсан. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль бусаар баталсан гэж үзэж байна. Үндсэн хуульд Үндсэн хуулийн бус аргаар хүрч, өөрчилсөн төрийн түрэмгийлэл боллоо. Үндсэн хуулийг хамгаалах байгууллагууд, олонх нь Үндсэн хуулийг хамгаалдаггүй юм бол АН бүхий л нөөц боломжоороо тэмцэж ажиллана.
Мөн АН-ын Үндсэн дүрмийн дагуу УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Бейсен нарыг найман жилийн хугацаатайгаар АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргалаа.
АН-ын бүлгийн 11 гишүүнээс 6 хүнийг АН-аас хаслаа. Ингэснээр АН-ын бүлэг таван гишүүнтэй үлдэж байна. Бүлгийн гишүүдийн тоо хуульд заасан хэмжээнд хүрэхгүй учраас АН-ын бүлгийг татан буулгаж байгаагаа мэдэгдлээ.
Мөн АН-аас Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах шийдвэр гаргаагүй. АН-аас хасагдсан нэр бүхий гишүүд УИХ-д АН-ыг төлөөлөх эрхзүйн чадамжгүйг албан ёсоор мэдэгдэж буйгаа С.Эрдэнэ илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийг маш бүдүүлгээр зөрчлөө. Үүнийг Монголын ард түмэн сэтгэл түгшин харж байна. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж, найман жилийн хугацаанд гар хүрэхгүй гэж журмын хуульд зааж өгсөн. Гэтэл ҮХЦ өөрөө маш бүдүүлгээр халдлаа. Үндсэн хуулийн дээр МАН, түүний дарга гарч, хүссэн цагтаа захиалга өгч өөрчилдөг боллоо. Ард түмнээс асуухгүй өөрчлөлт орууллаа. Төр засгийг дагаад нийгмийг тогтворгүй байдал оруулах Үндсэн хуулийн хямрал руу түлхсэн бүдүүлэг үйл явдал боллоо.
Засгийн газар ямар ч хяналтгүй болж байна. Дөрвөөс илүүгүй хүн “давхар дээл”-тэй байж болно гэж оруулсан заалтын будаг нь хатаж амжаагүй байхад зөрчлөө. АН хууль дээдэлж, Үндсэн хуулийн талд баттай зогсоно.
Б.Хэрлэн