Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд барьж байгуулах Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд боллоо.
Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээг нээж үг хэллээ.
“Та бид өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх үйл явдлын гэрч болж байна. Энэ бол Монгол Улсын хувьд анхны том хэмжээний Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал юм. Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд одоогоос яг нэг жилийн өмнө бид ирээдүйд Улаанбаатар хотыг, цаашлаад дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Сонгинохайрхан уулын бэлд эхлүүлсэн. Харин өнөөдөр Та бидний хуран цуглаад буй энэ талбайд Компакт гэрээний санхүүжилтээр барих хоёр дахь бүтээн байгуулалт болох Ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэн босох болно” гэв.
АНУ-ын МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Камерон Алфорд:
АНУ, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны чухал илэрхийлэл болсон Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дахин нэг шинэ хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Ухнаагийн Хүрэлсүхийн хамт нээхээр энэ сайхан хотод хүрэлцэн ирсэндээ таатай байгаагаа илэрхийлээд, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар бол дэлхийн хамгийн их усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж болзошгүй хотуудын нэг. Өнөөдөр шавыг нь тавьж буй энэ үйлдвэр Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг аюулгүй, тогтвортой усаар хангахын зэрэгцээ нийслэл хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.
Тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр үндэсний компани “М-Си-Эс Проперти” ХХК шалгарсан бөгөөд үйлдвэрийн технологийн зураг төслийг салбартаа дэлхийд тэргүүлэгчид Франц улсын болох “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компаниуд хийж гүйцэтгэх юм.
Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “М-Си-Эс Проперти” ХХК нь Шангри-Ла цогцолбор, Кока-Кола үйлдвэрийн барилга, Скай Резорт гольф, цанын бааз, Интермед эмнэлэг, шинэ нисэх онгоцны буудлын онгоцны засвар үйлчилгээний байгууламж, Оюутолгойн гүний уурхайн барилга байгууламжууд болон Ухаа Худаг уурхайн бүтээн байгуулалт зэрэг дотоодын 60 гаруй томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн барилга угсралт, төслийн менежмент, инженеринг чиглэлд арвин туршлагатай компани юм.
Арга хэмжээний үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир “М-Си-Эс Проперти компани нь Мянганы Сорилтын Корпорацын шалгуураар олон улсын байгууллагуудтай өрсөлдөн тус төслийн гүйцэтгэгчээр шалгараад байна. Үндэсний компани Ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, барилга байгууламж, технологийн угсралтын ажлыг дотоодын болон олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх болсон нь Монгол компани дэлхийд өрсөлдөж чадаж буйн нэг илрэл” хэмээн онцолсон юм.
Бүтээн байгуулалтын ажил 2025 оны нэгдүгээр улиралд дуусч, туршилт тохируулгын ажил үргэлжлэх бөгөөд улмаар 2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг авч дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангах зориулалтаар нийлүүлнэ.
Үр дүнд нь жилдээ 18 сая гаруй метр куб буюу Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч буй нийт айл өрхийн 2021 оны жилийн усны хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэж, хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ.
Уншиж байна |