Сангийн сайд Б.Жавхлан өөрийн хариуцсан салбартай холбоотой Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Тэрбээр, 2017 онд Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах хэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулах тухай УИХ-ын 23-р тогтоол, 2018 оны Үндсэн хуулийн цэцээс гаргасан “Монголын зэс” корпорацийн тус үйлдвэрүүдийн 49 хувийг өр төлбөр харилцан суутгах замаар 49 хувийг худалдаж авах утга агуулга бүхий дүгнэлтийн биелэлтийг хангах Засгийн газрын удаах шийдвэр өнөөдөр гарлаа.
Харилцан суутгал хийх эхний шийдвэр 2022 оны 6-р сард гарч, 160 тэрбум төгрөгийн суутгал хийсэн. Энэ удаа Монголбанкны Худалдаа хөгжлийн банкнаас авах авлага болох 480 тэрбум төгрөгийг суутгаж авах Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Ингэснээр Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч болгох ажил томоохон алхмаар урагшилж, УИХ-ын дээрх тогтоолын биелэлт хангагдаж байна. Өөрөөр хэлбэл, 49 хувийн улсын мэдэлд авах шийдвэр төгс болоход том алхам урагшиллаа.
Сангийн сайд Б.Жавхлангаас НӨАТ-ын сугалааг дахин явуулах эсэх талаар тодруулахад, НӨАТ-ын сугалааг явуулж эхэлснээс хойш долоон жил огт шинэчлээгүй байсан. НӨАТ-ын сугалаа явуулах процессыг шинэчлэх шаардлага гарсан тул сугалаа явуулахыг түр зогсоосон. Шинэчлэлийн хүрээнд зөвхөн бүртгэлд орж, хэвлэгдсэн сугалааг сугалаанд оруулах илүү шударга сугалааг явуулахаар ажиллаж байна.
Иргэд өөрийн бүртгүүлсэн сугалаа сугалаанд оролцож байгааг хянах, нийт хэдэн сугалаа байна, хожих магадлал ямар байна гэх мэтээр өөрөө дүгнэх, оролцогч байх боломжийг бүрдүүлэх юм.
Сугалаа явуулахыг 2022 оны 6-р сард түр зогсоосноос хойш сугалааг бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр сугалаа орлогод маш их нөлөөтэй, үр дүнтэй хэлбэр болох нь харагдлаа. Сугалаа явуулах технологио илүү сайжруулаад есдүгээр сараас явуулж эхлэхээр ажиллаж байна гэлээ.
Уншиж байна |