ОХУ Запорожийн АЦС-ын асуудлаар Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах эрмэлзэлтэй

img

Украины Энергодар хотод байх Запорожийн Атомын цахилгаан станцын орчимд артиллерээр буудаж байгаатай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг зарлан хуралдуулах хүсэлтийг Орос улс гаргажээ. Энэ талаар НҮБ дэх ОХУ-ын байнгын төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар ТАСС, РИА Новости агентлагууд мэдээлсэн байна. 

 

"Сүүлийн өдрүүдэд Украины тал Запорожийн атомын цахилгаан станц руу халдаж, энэ нь сүйрэл дагуулж болзошгүй байгаатай холбоотойгоор наймдугаар сарын 11-ний үдээс хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг зарлан хуралдуулах хүсэлтийг ОХУ гаргасан" хэмээн эх сурвалж мэдээлжээ. 

 

Хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ хуралд илтгэгчээр оролцох хүсэлтийг МАГАТЭ-ийн ерөнхий захирал Рафаэль Гроссид тавьсан байна. Үүнээс өмнө, наймдугаар сарын есний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн яам НҮБ-д хандан МАГАТЭ-ийн мэргэжилтнүүдийг атомын цахилгаан станц руу нэвтрэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалж байлаа. 

 

Запорожийн АЦС нь Европ дахь хамгийн том станц юм. Энэ станц гуравдугаар сард Оросын цэргүүдийн хяналтад орж байлаа. Харин наймдугаар сарын тавны өдөр энэ станц дээр гал гарсан талаарх мэдээлэл гарсан бөгөөд АЦС-д Украины арми артиллерийн цохилт өгсөн гэж Запорожийн удирдлагууд мэдээлж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ