Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд ноён Франз Фаё тэргүүтэй тус улсын Гадаад болон Европын хэргийн яам, Люксембургийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид энэ сарын 25-30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар 2001 оноос эхлэн Монгол Улсад хэрэгжиж буй Зүрх судасны төслийн 20 жилийн ойн баярын хурлыг өнөөдөр тус төслийг хэрэгжүүлэхэд оролцогч талууд, эмч мэргэжилтнүүдийн хамтаар зохион байгуулж, өнгөрсөн 20 жилийн хугацааны ололт амжилт, хүрсэн үр дүн, ирээдүйн зорилго, зорилтоо хамтдаа хэлэлцэн ярилцлаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон албаны бусад хүмүүс, Улсын гуравдугаар төв эмнэлэг, түүнчлэн 21 аймаг, нийслэлийн зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
Ойн баярын хурлын нээлтийн үйл ажиллагааны үеэр “Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах” буцалтгүй тусламжийн төслийг дахин 5 жилийн хугацаатайгаар үргэлжлүүлж 2022-2027 онд хэрэгжүүлэхээр тохиролцсоны дагуу төслийг үргэлжлүүлэх тухай Санамж бичигт Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд ноён Франз Фаё нар гарын үсэг зурав. Нийт 5 сая еврогийн санхүүжилтээр 5 жилийн хугацаанд хэрэгжих уг төслийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын зүрх судасны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлийн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх ба түүнчлэн дээрх төслийн гол зорилго болох эмч мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх тасралтгүй сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах ажлууд хийгдэх юм.
Мөн энэ үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулсаныг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зарлигаар Зүрх судасны төслийг загварчилж боловсруулсан, Төслийн олон улсын зөвлөх ноён Дидер Патте, Люксембургийн Зүрхний төвийн захирал (2001-2016), Төслийг загварчилж боловсруулсан, Төслийн дизайнер ноён Жонн Бейссел зэрэг хүмүүст Монгол Улсын Төрийн дээд одон медаль болох “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны дараагаар Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Др. С.Энхболд Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд ноён Франз Фаё-г хүлээн авч хоёр талын уулзалт хийв. Уулзалтаар Сайд С.Энхболд алсын зайн анагаах ухаан, зүрх судасны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх болон эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон чухал дэвшлийг авчирсан болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлаж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шинэ төсөл нь өмнөх үр дүнгээ улам бататгаж, тодорхой үр дүнд чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр болж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын санал, хүсэлтийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний суурь хэсэг болох анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын зүрх судас, эх нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, чадавхийг нэмэгдүүлэх, түүнчлэн зүрх судас, эх нярайн эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлд тодорхой ажлууд төлөвлөгдөж байгааг онцлов.
Түүнчлэн КОВИД-19 цар тахлын үед Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газраас манай улсад цар тахалтай тэмцэхэд дэмжлэг болгож 486 000 еврогийн буцалтгүй тусламж олгосон явдалд Эрүүл мэндийн сайдын хувиар талархал илэрхийлж дээрх тусламжаар 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Улсын гуравдугаар төв эмнэлэгт нэн шаардлагатай байсан эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдан авч ханган нийлүүлсэн нь хүнд хэцүү үед цагаа олсон чухал дэмжлэг болсныг тэмдэглэж, талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр Сайд С.Энхболд Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлогын зарим арга хэмжээнээс товч танилцуулж, “Зүрх судасны үндэсний төв”-ийг байгуулах асуудал нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан чухал ажлуудын нэг болохыг онцолж эл төвийг байгуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов.
Сайд Франз Фаё хоёр улсын эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүчин чармайлт, нөр их хөдөлмөрийн үр дүн болсон Зүрх судасны төслийн 20 жилийн түүхэн ойг хамтдаа тэмдэглэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд Монгол Улсад зүрх судасны өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын түвшинг бууруулж, эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, чадавхийг бэхжүүлэхэд тус улсын Засгийн газрын дэмжлэгтэй төслүүд чухал хувь нэмэр оруулсан байгааг харахад бахархалтай байна гэлээ. Тэрбээр зүрх судас, эх нярайн тусламж үйлчилгээнд алсын зайн анагаах ухааныг анх нэвтрүүлж нутагшуулахад тусалсан дээрх төслүүдийн ач холбогдол технологи улам бүр хурдацтай хөгжиж буй өнөө цагт цаашилбал ирээдүйд ч өндөр хэвээр байж, иргэдэд урьдчилан сэргийлэх болон эмнэлзүйн тусламжийг хүртээмжтэй шуурхай хүргэхэд улам их хувь нэмэр оруулна гэж үзэж байна гэлээ. Мөн өнөөдөр гарын үсэг зурсан Зүрх судас болон Эх нярайн тусламж үйлчилгээний шинэ төслүүд нь монгол хүний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлэхэд тус дэм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж хоёр талын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө өгөөмөр сэтгэлээр дэмжлэг туслалцаа үзүүлж 20 гаруй жил найдвартай түншилж ирсэн Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газарт болон Люксембургийн татвар төлөгч нийт ард түмэнд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлснээр уулзалт өндөрлөв. Уулзалтад Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Болд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон тус яамны холбогдох газар, хэлтсийн дарга нар, Гадаад харилцааны яамны төлөөлөл, Люксембургийн Гадаад болон Европын хэргийн яам, Люксембургийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид тус тус байлцав.
Уншиж байна |