Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ХБНГУ-ын Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн суурин төлөөлөгч Маркус Лохыг хүлээн авч уулзлаа.
Герман улсын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь энэ оны наймдугаар сарын эхээр Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар туулж, Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоохоор төлөвлөж байгаа юм. Түүнчлэн тус аялал нь зөвхөн спортоос гадна Монгол cоёл, уламжлал, орчин үеийн дэд бүтцийн хөгжил тэр дундаа хэвтээ тэнхлэгийн мянганы авто замын хөгжил, дэвшлийг сурталчлах томоохон боломж гэдгийг ноён Маркус Лох онцлон хэлэв. Тэд аяллаа эхэлсэн өдрөөс Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, Монголын Боролдой студитэй хамтран баримтат кино хийн олон нийтэд мэдээлж, сурталчлах тухайгаа танилцуулав. Түүнчлэн дугуйн аялал нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач холбогдолтой гэдгээрээ онцлог билээ. Энэхүү ажлаар Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.
Сайд Л.Халтарын зүгээс дээрх ажлыг дэмжихээ илэрхийлэв. Зочдын дайрч өнгөрөх аймаг бүрд Авто тээврийн үндэсний төвийн салбар, авто зам арчлалтын компани байдаг тул салбар байгууллагуудтайгаа холбон шаардлагтай зүйлсээр туслах, хамтран ажиллах боломжтойг хэллээ. Аяллын хугацаанд гадаадын болон дотоодын жуулчид орон нутагт ихээр зорчих тул замын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, тав тухтай зорчиж, зорьсон хэргээ бүтээх их амжилт хүсэв.
Гиидо Кунзе нь 1965 онд төрсөн, бизнес эрхэлдэг, экстрим спортын тамирчин юм. Тэрбээр сүүлийн арван жилд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон. Тодруулбал, Австралийн баруунаас зүүн тийш 4200 км замыг богино хугацаанд, дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожос де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт гарчээ. Мөн Альпийн нурууг 14 хоногийн дотор 100,000 босоо метрийг туулсан, Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан зэрэг дэлхийн гайхалтай дээд амжилтуудыг эзэмшдэг тамирчин юм.
Уншиж байна |