Улаанбаатар хотод 2-5 настай 102 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Харин цэцэрлэгийн гадна үлдэж байгаа 34 мянган хүүхэд байна.
УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 34 мянган хүүхдийг энэ ондоо багтаан цэцэрлэгт хамруулах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Нийслэлийн Засаг дарга нарт өгсөн.
Зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх сар гаруйн хугацаанд нийслэлд 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах төлөвлөлт, зохицуулалтыг амжилттай хийгээд байна.
Үлдэж байгаа 12 мянган хүүхдийг асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллав.
Баянзүрх дүүрэг 480 мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 35 мянган хүүхэд амьдардгаас 26 мянга нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд үлдэж байгаа 10 орчим мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар хуваарь хийгдэж байна. Тус дүүргийн тухайд Улаанбаатар хотын иргэн болж бүртгэл хийлгээгүй буюу хаяг нь тодорхойгүй айл өрх олон байдаг. Тиймээс бүртгэлийн маргаантай өрхийн хүүхдийг цэцэрлэгт хамруулахад бэрхшээл үүсэж байгаа юм.
Эцэг эх, асран хамгаалагчид хариуцлагатай байж хаягийн бүртгэлээ хийлгэх шаардлагатай байна. Баянзүрх дүүрэгт хаягийн бүртгэл нь тодорхой бус цэцэрлэгийн насны 5 мянга орчим хүүхэд байна. Цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгт хамруулах зарчим баримтална гэж БШУЯ-наас мэдээллээ.
Уншиж байна |