Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ.
“Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авч соёрхоно уу.
Орос, Монгол хоёр улс найрсаг, сайн хөршийн уламжлалт хэлхээ холбоотой билээ. Улс төрийн ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнөхийн зэрэгцээ олон салбарт үр өгөөжтэй хамтын ажиллагаа хөгжсөөр ирлээ.
Орос, Монголын ард түмнүүдийн эрх ашигт бүрэн нийцсэн Иж бүрэн стратегийн түншлэл цаашид улам бэхжинэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
Танд эрүүл энх, ажлын их амжилт, танай ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэжээ.
“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Хятад, Монгол хоёр улс бол уул, усаар холбогдсон найрсаг, үнэнч хамтын ажиллагаатай түншүүд. Хоёр улсын харилцааг сайтар хамгаалж, бэхжүүлэн хөгжүүлэх нь талуудын язгуур болоод хэтийн эрх ашигт нийцдэг.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа цогцоор хурдацтай хөгжиж, салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагаа арвин үр өгөөжтэй байна.
Миний бие хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч, хоёр улсын харилцааны хөгжлийн гол чиглэлийг стратегийн түвшинд алсын хараатайгаар чиглүүлж, Хятад, Монголын Иж Бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлж, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд үр шимийг хүртээхэд Тантай хамтран ажиллахыг хичээхэд бэлэн байна.
Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе” гэжээ.
Уншиж байна |