Сурын харваачдад улсын цол олголоо
2022-07-12

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

 

“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

 

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:

 

  1. 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газар, “Эрч” спорт хорооны харваач Төхөөний Очироо-д “Улсын мэргэн” цол,

  2. 40 сумнаас 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, Цагдаагийн ерөнхий газар, “Хүч” спорт хороо, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын харваач, спортын мастер Батсүхийн Энхтүвшин-д “Улсын гоц харваач” цол,

  3. 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хорооны харваач, спортын мастер Нармандахын Алтантулга-д “Улсын онч харваач” цол,

  4. 40 сумнаас 36 сум онож тавдугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Монгол харвааны “Андууд” клубийн харваач, спортын мастер Жадамбын Оюунгэрэл-д “Улсын тод харваач” цол,

 

 
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:

 

  1. 40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Нийслэлийн 52 дугаар сургуулийн багш, “Их Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбооны “Их өв” клубийн харваач Бадам-Очирын Пунсалдулам-д “Улсын даян мэргэн” цол,

  2. 40 сумнаас 37 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, Хилийн цэргийн 0168 дугаар анги, “Цэц манлай” багийн харваач, спортын мастер Цэенпилийн Түвшинбат-д “Улсын гарамгай харваач” цол,

  3. 40 сумнаас 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Орхон аймгийн уугуул, “Хангарьд” спорт клубийн харваач, спортын мастер Мягмарын Мөнх-Амгалан-д “Улсын гоц харваач” цол,

  4. 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Есүнхэй мэргэн” клубийн харваач, спортын мастер Батхуягийн Сүрэнжаргал-д “Улсын онч харваач” цол,

  5. 40 сумнаас 35 сум онож тавдугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Булган сумын уугуул, “Дорнын сурын холбоо”–ны харваач Алхаабаатарын Цэвэлмаа-д “Улсын тод харваач” цолыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.

 

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд нэг, хоёр, гурав дугаар байр эзэлсэн багийн ахлагчдад шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Shuud.mn
Сонин хачин