Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Үндэсний баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр
Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ
Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүсээ
Эзэн богдын гал голомт манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочид оо
Эрхэм хүндэт наадамчид аа
Эцэг тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, олон түмний сэтгэл тэнийсэн дэлгэр сайхан зун цаг Монгол эх оронд минь айлчлах ирж, Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний баяр наадам эхлэхэд бэлэн боллоо.
Монголчууд бид төрт ёсныхоо энэхүү түүхэн их баяр наадмаар Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэний 860 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна.
Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, мөнх тэнгэрийн хүчин дор төр улсаа бататган бэхжүүлж, дэлхийн дайдад суу алдраа дуурсгаж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн юм.
Энэхүү баатарлаг түүхийн үргэлжлэл болсон босоо заяат Монгол түмэндээ төрийн их баяр наадам, өндөр төрийн таширлан давхацсан тэгш сайхан ойнуудын бахдам сайхан мэндийг өргөн дэвшүүлье.
Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Үндэсний их баяр наадам бол Монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, монгол үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ.
Эрхэм хүндэт наадамчид аа
1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд харийн эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулж, ардын засгийн анхны наадмаа хийснээс хойш эдүгээ нэгэн зууныг үджээ.
Өнгөрсөн 100 жил бол улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн аугуу зуун байлаа.
Ирж буй шинэ зуунд монголчууд бид ололт амжилтаа бататгаж, ардчилсан төр улсаа улам бэхжүүлж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа ханган, хөгжил дэвшлээрээ хүн төрөлхтөнд үнэлэгдсэн хүчирхэг Монгол Улс болж хөгжихийн төлөө хамтдаа хичээцгээе.
Миний Монголын ард иргэд ээ.
Энэхүү түүхэн жил төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор Монгол Туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор ИХ Монгол Улсыг байгуулан, Өрнө, Дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг дэлхий ертөнцөд цогцлоосон Эзэн Богд Чингис Хааны мэндэлсэний 860 жилийн ой тохиож байна.
Далай их Хааны суу алдар, агуу их түүхэн алдрыг алдаршуулсан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис Хааны их хөргийг Монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлигийг Төрийн тэргүүн буулгаж байна.
Эх орны сүр хүч, билэг оюуны суу алдар монголчууд бидний зүрх сэтгэлд бадарч, Монгол төрийн гал голомтыг өнөд мөнхөд бадраах болтугай.
Агуу түүхт нүүдэлчдийн гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн Есөн хөлт цагаан тугаа мөнх тэнгэртээ мандуулж, уяхан замбуутивын нарыг уртын дуугаараа мялааж, эх дэлхий, уул ус, хүн арддаа дэлхийд ганцхан монгол наадам ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхэлж байна.
Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаан, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Уншиж байна |