Сингапурын хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулсан туршлагыг нэвтрүүлнэ
2022-07-07

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Хуримтлалын төв санд зочилж, тус сангийн үйл ажиллагаатай танилцан Гүйцэтгэх захирал Августин Ли-тэй уулзав.

 

Монгол Улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан ард түмэндээ тэгш, шударгаар хүртээхийг чухалчилж байна. Энэ хүрээнд дэлхийд үлгэр жишээ болсон Сингапур улсын Хуримтлалын сангийн туршлагыг сонирхож буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсын Баялгийн санг "Эрдэнэс Монгол" компанийг түшиглэн байгуулахаар ажиллаж байгааг тэмдэглэв.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлсэн туршлагыг судалж, Монгол Улсад нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ авах чиглэлд хоёр тал нягт хамтран ажиллаж байгааг сайшаан тэмдэглэж, цаашид Сингапур Улсын Төрийн орон сууцжуулалтын санхүүжилтийн тогтолцоог манай улсын онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх талаар хамтран ажиллах санал дэвшүүлэв.  

 


 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход хамтын ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох байгууллагын хооронд Санамж бичиг байгуулж байгааг онцлон тэмдэглэв.

 

Сингапур Улсын Хуримтлалын төв сан нь 1955 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, 1968 онд Ли Куан Ю-гийн Засгийн газар Хуримтлалын Төв Сангийн хадгаламжийг ашиглан ард иргэдээ орон сууцжуулах томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Shuud.mn
Сонин хачин